ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Тэрбиш: Төр бизнес эрхлэгчдээ дэмжихгүй атлаа дарамтлаад байгааг нь ойлгодоггүй

Ц.ЭНХТҮВШИН
2019-04-09

“Хөлсний амт” булангийн энэ удаагийн зочноор Жижиг, дунд бизнес эрхлэгч Д.Тэрбишийг урилаа.

-Сайн байна уу та. Нааш, цааш явахдаа энд наймаа хийдгийг тань анзаарч байлаа. Нэлээд удаан энд зогсож байгаа байх шүү?

-Тийм ээ. Би энд жижиг бизнес эрхлээд 20 гаруй жил болох нь. Цаг хугацаа ч хурдан юм.  Оймс, дотуур хувцас, нүдний шил гээд хүний хэрэгцээтэй зүйлсийг борлуулж байна. Бараагаа бөөний газ­руудаас татаж, бага зэрэг ашиг нэмээд зардаг. Заримдаа өөрөө урагшаа явж бараагаа татах  үе ч бий. Янз бүр юм даа.

-Таны өдрийн гүйлгээ хэд орчим төгрөг болж байна. Түүний хэдэн хувь нь ашиг болох уу?

-Улирал, цаг уур зэрэг олон зүйл нөлөөлнө. Зарим өдөр бараг л хоосон шахуу буцна. Заримдаа өдөртөө 100 гаруй мянган төгрөгийн гүйлгээ хийнэ. Ашиг бол 15-20 хувьтай шүү дээ.

-Битүү байр савтай юманд орчих юмсан гэх бодол байх юм уу. Гадаа үргэлж зогсоно гэдэг хэцүү шүү дээ? 

-Одоо ч ингээд сурчихаж дээ. Битүү байр саванд оруулна гээд л биднийг чинь үе, үе гэнэтхэн хөөдөг юм. Гэхдээ тэр нь хүн очдоггүй газар байх нь элбэг. Өөрөөр хэлбэл, худалдан авагчгүй газар гэсэн үг. Худалдан авагчгүй бол алтан дээвэртэй, мөнгөн байшинд суугаад яах юм. Үйлчлүүлэгч их байна гэдэг хамгийн чухал.  

-100 айлын барилгын материалын дэлгүүрүүдийг нүүлгэнэ гэж хэдэн жил ярилаа. Та хэдийг арай тэгж хөөдөггүй биз дээ?

-Гэнэтхэн санаад л хөөмөөр болдог юм шиг байна билээ. Эхний ээлжинд бид л хоморгонд нь орно шүү дээ. Өнгөрсөн жил бүр сар гаруй ажил хийлгээгүй. Өглөө ирэхэд л бөөн цагдаа болчихсон хөөж тууна. Би чинь чадлынхаа хэрээр татвар татаасыг нь өгөөд явдаг. Сардаа торгуультайгаа нийлээд 50-60 мянган төгрөг өгчихнө. Дээр нь нийгмийн даатгалаа сайн дураараа төлнө. Нас ч залуу биш боллоо. Нэг л өдөр тэт­гэвэрт гарна шүү дээ. Бид чинь улсаас ямар ч тусламж дэмжлэг авахгүй, харин ч их бага хэмжээгээр татвараа төлөөд өөрсдийгөө болоод ар гэрээ авч явдаг хүмүүс. Тэгэхээр дэмж­дэггүй юм гэхэд дарамт шахалт үзүү­лээд байдгийг ерөөсөө ойлгохгүй юм.

-Та ам бүл хэдүүлээ вэ?

-Ам бүл арвуулаа.8-25 насны найман хүүхэд, ханьтайгаа амьдардаг.Түрүүч нь одоо л хоолныхоо захаас атгах гэж байна. Хань минь хэдэн хүүхэд, ар гэрээ бөөцийлөөд гэртээ байдаг. Ажил хийдэг нь би л байна. Гэхдээ миний ажил, миний хөдөлмөрийн хөлс гэр бүлээ хангалттай биш ч болгоод л байна. 

-Ер нь нэг тогтмол цалинтай ажилд орчихоод амар амгалан байя гэж бодох үе гарах уу?

-Тэр талаар гайгүй дээ. Одоо тэгээд над шиг насны хүнийг байтугай нас зүс заагаад амар ажил олдохгүй болсон цаг үе. Миний энэ чинь бас ажил шүү дээ. Ер нь аливаа улс орны хөгжил иргэдийнх нь амьжиргаанаас ихээхэн харагддаг гэдэг дээ. Жижиг ч гэсэн өөрийн гэсэн бизнес эрхэлж буй иргэдээ дэмжих хэрэгтэй юм. Тэрнээс биш өөрсөддөө зохиож хууль гаргаад, жижиг дунд бизнесээ ямар нэгэн хэлбэрээр хавчаад байх юм бол улс орон яаж хөгжих вэ дээ.

-Таны барааг харахад дийлэнх нь БНХАУ-аас орж ирдэг бараа байна. Ядаж л монголчууд өөрсдөө оймс үйлдвэрлэж байгаа шүү дээ.Тэрнээс авч ирээд зарж болохгүй юм уу?

-Хүн харснаа юм уу, санаснаа хэлэх амархан. Гэтэл бодит амьдрал дээр арай өөр дүр зураг харагдана шүү дээ. Би дотоодын оймс авч ирээд 400-500 төгрөг нэмээд зарлаа гэж бодъё. Хэн ч авахгүй. 5000 төгрөгөөр хоёр оймс авч байхаар хятад оймс хоёр ширхэгийг 1000 төгрөгөөр авчихаад үлдсэн 3000 төгрөгөөрөө талхаа авч идсэн нь дээр биз дээ. Тэгэхээр худалдан авагчаа буруутгах арга алга. Би ч гэсэн зарагдахгүй бараа авч, мөнгөө түгжихийг хүсэхгүй биз дээ. Бидний худалдан авагчид дундаж болоод бага орлоготой хүмүүс байгаа. Компанийн захирал, УИХ-ын гишүүн надаас ирж оймс, нүдний шил авахгүй нь ойлгомжтой. Тэд оймс, дотуур хувцсаа бүү хэл уух усаа хүртэл гадаадаас зөөдөг гэнэ билээ. 

-Уул нь тантай зөвхөн таны ажил, бизнесийн талаар ярилцах гэж бодсон юм. Гэтэл бүр холдоод явчихлаа. Яриандаа эргээд орох уу? 

-Бухимдалтай байна, үнэндээ. Ерөөс энэ томчууд тэнгэрээр нисээд байхаас газар дээр бууж, жирийн иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонсохгүй байгаа. Өдөр бүр шахам баталдаг хуулиа амьдралд ойрхон байхаар батлах хэрэгтэй шүү дээ. Нэг л их тэнгэрийн амьтад. Арга ч үгүй биз дээ. Тэд өлсөж, цангаж, даарч, халууцаж, хүнд ажил хийж үзээгүй. Сонгосон сонгогчидтойгоо ч уулзахгүй байна шүү дээ. Одоо харин доошлох цаг нь дөхөж байна даа. Би улстөрч биш. Гэхдээ уншиж, сонсож, орой бүр үзэж телевизээр дэмийрч байхыг нь харж байна. Яагаад гэвэл би сонгогч шүү дээ. 

-Ингэхэд 100 айл орчимд тантай ижил төрлийн арилжаа хийдэг хүмүүс хэр олон байна вэ. Өрсөлдөөн хэр байх юм?

-Бид тийм ч олуулаа биш. Нэг нэгэндээ атаархаад, өрсөлдөөд байх зүйл байхгүй. Хувь хувиа бодож, довоо шарлуулж ажлаа л хийнэ. Тэр өрсөлдөөн чинь улсаа худалдахаас ч буцахаа больсон луйварчдын дунд байдаг байх аа. 

-Энэ нутаг дэвсгэрийн засаг захиргаанаас үзүүлэх шахалт дарамт хэр байна?

-Харьцангуй гайгүй. Гэхдээ дарга нар гэнэт л 100 айлыг нүүлгэнэ гэж хэдэн онд ч билээ хэлснээ санадаг юм шиг байгаа юм. Тэрийгээ барилгын дэлгүүрүүдэд хэрэгжүүлэхээс илүү жижиглэнгийн наймаачид бидэн рүү онилно. Хаана ямар алдаа завхрал байна түүндээ анхаармаар байгаа юм. 

-Хөөгдөж, туугдаж явахаар хөдөө нутагт очоод ажиллая гэх бодол төрөх юм уу?

-Үе үе төрдөг л байсан. Одоо хөгшин надад хаана байх нь чухал вэ гэхээсээ илүү үр хүүхдийн хувь заяа чухал болсон. Энэ улс оронд ямар ажил мэргэжил чухал, эх оронд хэрэгтэй эсэх, юу нь болохгүй байна гэдгийг улстөрчид мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Ганц өөрийн тухай гэхээс илүү өргөн хүрээтэй зүйл яръя гэж бодсон учраас хэлж байгаа юм. Над шиг наймаачнаас хэн ирж, ингэж асууж үзэл бодлыг минь сонсох юм бэ. Харин та бүхэнд баярлалаа. Хэлэх үгээ ч хэлчихье. Улсын алба хашиж буй хүн болгон улс орныг өөдлөн дэвжихэд анхаарал хандуулах ёстой гэж боддог. Гэтэл ихэнх нь өөрсдөө яаж идэх вэ гэж боддог болжээ. Тэрбум, тэрбумаар идээд татвар төлөгчдийн мөнгөөр зугаалагсад дүүрчээ гэж бодоход төрийн доод шатандаа хүртэл авлига бий болчихсон. 21 аймгийн 360 гаруй сумын ба Засаг дарга нар бүгд хотод нэгээс дээш байртай байгаа. Багийн дарга нар нь бүгд шахам хотод орох оронтой. Тийм хүмүүс хөдөөд анхаарлаа хандуулах уу. Хөдөөгийн сумдаа ихэнх нь эзгүй шахам болчихсон. Тэтгэврийн, группын голдуу хүмүүс үлдсэн. Бусад нь муу хэлээд байгаа Улаанбаатартаа над шиг л шигдчихсэн байгаа. “Манай суманд хүрээд ир ээ. Бид 300 хонь, ачлагын хоёр адуу, саалийн ганц үнээ өгье” гэж аль сумын Засаг дарга санаачилга гаргаж дуудав. Би хотоос очлоо гэхэд надад суманд ажил олдохгүй. Нас тэтгэвэр гарах болоогүй ч ажилд авахгүй. Тэгэхээр би яах вэ. Энэ мэтээр ярих зүйл олон байна даа. 

-Танд баярлалаа. Амжилт хүсье.