Нийслэлийн одоогийн удирдлагуудын улстөржсөн, харалган шийдвэрийн улмаас тун удахгүй Нийслэлийн есөн дүүрэгт бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан 131 хоршоо зэрэг дампуурч болзошгүй нөхцөл байдал бий болоод байна. Одоогоос 16 жилийн өмнө УИХ-аас Хоршооны тухай хуульд ямар ч бодлогогүйгээр өөрчлөлт оруулснаас үүдэн 2006 онд 26 ХЗХ шил даран дампуурч 8301 хүн хохирч байсан юм. Төрийн буруутай үйл ажиллагааны улмаас ХЗХ хоршоод хэрхэн дампуурч болдогийг, үүний улмаас хэн хохирч, хэн хожсоныг та бүхэндээ өнгөрсөн түүх, өнөөгийн нөхцөл байдлынх нь хамт зэрэгцүүлэн хүргэж байна.
Бичил бизнесийг дэмжих зээлийг хумиснаар хоршоодын үйл ажиллагаа доголдож эхэлжээ
НИТХ-ын 2014 оны 16 дугаар тогтоолоор “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөр” батлагдаж байлаа. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд нийслэлийн төсөвт 15.2 тэрбум төгрөгийг суулгаж, нийслэлийн хороо бүрд шинээр хадгаламж зээлийн хоршоо байгуулах компанит ажил өрнөсөн юм. Нэг нэгнийгээ олон жилийн өмнөөс мэддэг, таньдаг хүмүүсийн итгэлцэл дээр байгуулагдсан тус хоршоод нийслэлийн төсвөөс жилийн нэг хувийн хүүтэй 100 сая төгрөгийг зээлээр авч үйл ажиллагаа эхлүүлснээс хойш гурван жилийн хугацаа өнгөрчээ.
Тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээс хойш ердөө жил хүрэхгүйн хугацаанд 42 хорооны нутаг дэвсгэрийг хамарсан 32 ХЗХ байгуулагдаж, 610 төсөлд 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, шинээр 451 ажлын байр бий болгосон бөгөөд 857 ажлын байр хадгалагдан үлдсэн юм. Банкнаас зээл авах шалгуур нөхцөлийг давдаггүй, тогтсон орлогогүй, ажилгүй байсан иргэд гэртээ байгаа хуучин зурагт, нэр дээрээ бүртгэлтэй хоосон хашаа, автомашин, угаалгын машинаа барьцаалан тав хүртэлх сая төгрөгийн санхүүжилт авдаг болсон юм. Бичил бизнесийг дэмжих хөтөлбөр зорилтот бүлэгтээ хүрч чадсан, үр дүнтэй, ач холбогдол өндөртэй, бахдам ажил байсныг энд дурьдах нь зүйтэй байх. Санхүүгийн зохицуулах хороо, НХЭГ, НЗДТГ-аас нийт 21 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2016 онд хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан 122 ХЗХ-ны 117-д хяналт шалгалт хийхэд 14 хувь нь онц, 16 нь үйл ажиллагаа хэвийн, 55 нь дундаж, 15 нь тааруу, 12 муу гэсэн үнэлгээ гарсан байдаг юм.
ХЗХ-ны талаар ямарч ойлголт мэдлэггүй, үйл ажиллагааны зарчмыг ойлгохгүйгээр ажлаа эхэлж байсан 131 хоршоо гурван жилийн дараагаас жигдэрч эхэлсэн байдаг юм. Хэрвээ энэ эрчээр нь дахин таван жил үргэлжлүүлэхэд бүх хоршоод хөл дээрээ бат зогсож, хамгийн багаар бодоход жилд 5240 бичил бизнес эрхлэх төслийг санхүүжүүлж, энэ хэрээр ажлын байрыг шинээр бий болгож, ядуурлыг бууруулах боломжтой болох байсан юм.
Харамсалтай нь 2016 онд сонгогдсон нийслэлийн удирдлагууд өмнөх удирдлагуудынхаа эхлүүлсэн ажлыг үгүйсгэж, үйл ажиллагаа нь доголдолтой байгаа 14 хоршоогоор далимдуулан нийтээр татан унагаах ажлыг хийж байна. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сараас эхлэн ХЗХ-дод жилийн нэг хувийн хүүтэй олгосон 100 сая төгрөгөө эргүүлэн татаж эхэлсэн байна. Хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан 131 хоршоо өдгөө сард 2.9-4.0 сая төгрөгийг Нийслэлд эргүүлэн төлж байгаа бөгөөд үүнээс үүдэн бичил бизнес эрхлэгчдийн төслийг санхүүжүүлж чадахаа болиод байна. Энэ чигээрээ дахин нэг жил үргэлжлэхэд ядуурлыг бууруулах, бичил бизнесийг дэмжих зээлийг бүх хоршоо олгох боломжгүй болох бөгөөд сар тутмын үйл ажиллагааны зардлаа ч өөрсдөө олж чадахгүй болох юм. Хэрвээ нийслэлийн удирдлагууд энэхүү харалган шийдвэрээ нэн даруй өөрчлөхгүй бол 100 гаруй ХЗХ дампууруулж, 13000 гаруй хүнийг өр зээлэнд оруулсан гэх муу нэрийг зүүхээр байна.
Бодлогогүй баталсан ганц хуулийн нэмэлтээс болж 8301 иргэн хохирч байв
2002 оны арванхоёрдугаар сард УИХ-аас Хоршооны тухай хуульд “хоршоо нь хадгаламж, зээлийн үйл ажиллагаа явуулна” гэдэг зүйлийг нэмжээ. Үүний дараахнаас улс орон даяар маш олон хадгаламж зээлийн хоршоо байгуулагдсан юм.
Хэт ерөнхий заалттай, ямарч хяналт, хариуцлагын механизмгүй хуулийн цоорхойг иргэд овжиноор ашиглаж иргэдэд сарын 30 хүртэлх хувийн хаана ч байх боломжгүй өндөр хүү амлаж богино хугацаанд асар их хэмжээний хөрөнгө босгож байсан юм. Тухайлбал, “Глоб кредит” гэх ХЗХ 1200 гаруй иргэнээс 11.8 тэрбум төгрөгийн хадгаламж татаж, тус мөнгөөрөө өөрийн хамаарал бүхий барилга барих үйл ажиллагаа явуулдаг “Мөнгөн гүүр” ХХК-д хөрөнгө оруулалт хийсэн байдаг юм. “Бүтээн байгуулалт хөгжлийн сан” ХЗХ 1527 иргэнээс 15.6 тэрбум төгрөгийн хадгаламж татаж, түүнийгээ ямар ч хяналтгүйгээр өөр төслүүдэд зарцуулсан байна. Хоршооны хяналт сул байгааг анзаарсан зарим зальтай нөхдүүд нөхцөл байдлыг овжиноор ашиглаж ХЗХ-д гишүүнээр элсэж 10 мянган төгрөгийн хадгаламжийн данс нээлгэнгүүтээ эргүүлээд олон арван сая төгрөгийг авч алга болсон тохиолдол ч гарч байжээ.
Төрийн бодлогогүй харалган, хуулийг ашиглагчид 2003-2005 оныг хүртэлх хугацаанд маш эрчимтэйгээр үйл ажиллагаа явуулж, 8301 иргэнээс их хэмжээний мөнгийг татаж авсныхаа дараа хадгаламж эзэмшигчдийнхээ хүүг төлж чадахгүйд хүрч улмаар 2006 оноос шил шилээ даран дампуурлаа зарлаж эхэлсэн байна.
Их хэмжээний мөнгөө бусдад залилуулж хохирсон иргэд зуу зуугаараа нэгдэн тухайн үед эрх барьж байсан МАХН-ын байрны гадаа суулт зарлаж, өөрсдийнхөө хохирлыг барагдуулахыг шаардсан нь улс төрчдийн олз болсон юм.
Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын хохирлыг бүрэн барагдуулна гэдэг амлалтыг тухайн үеийн Засгийн газар өгч, 26 хоршоодын 43 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгө, 10 гаруй тэрбумын зээлдэгч, 20 гаруй газар, таван лицензийг битүүмжлэлд авсан боловч хохирогчдын ердөө 50 хувийн хохирлыг барагдуулаад орхисон байна.
ШШГЕГ-ын битүүмжлэлд орсон ХЗХ-ны их хэмжээний хөрөнгө явцын дунд их хэмжээгээр үрэгдсэн байдаг аж. Тухайлбал, “Баян-Өндөр сан” ХЗХ-ны хотын А зэрэглэлийн бүсэд байрлах “Пелснер” төвийг нэр нөлөө бүхий бүхий хүмүүст зах зээлийн үнэлгээнээс тав дахин хямд үнээр, “Бүтээн байгуулалт хөгжлийн сан’ хадгаламж зээлийн хоршооны өмч болох хотын төвд байрлалтай 180 мкв орон сууцыг 74 сая төгрөгөөр, Гачууртын хар усан тохойд байрлалтай Баяндөхөмийн амралтыг ердөө 111 сая төгрөгөөр зарсан байдаг юм.
Хэрвээ ХЗХ-ны хохирогчдын хохирлыг барагдуулах ажилд төр хөндлөнгөөс орж ирээгүй бол, битүүмжлэгдсэн их хэмжээний хөрөнгийг шударгаар зарж борлуулсан бол ХЗХ-дод их хэмжээний мөнгөө алдсан иргэдийг хохирлын бүрэн барагдуулах боломжтой байсан хэмээн дампуурлаа зарласан ХЗХ-ны удирдлагууд мэдэгдэж байсан юм.
“Глоб кредит” ХЗХ-ны тэргүүн Ж.Мэндбаяр “Би хадгаламж эзэмшигчдийнхээ хохирлыг өөрөө бүрэн барагдуулъя гээд байхад төр зөвшөөрөөгүйгээр барахгүй намайг шоронд суулгасан. Тэгэнгүүтээ манай хоршооны нэр дээр бүртгэлтэй их хэмжээний хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнээр хуйвалдан зарсан” хэмээн хэвлэлийн хурал хийж байсан билээ.
Хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагаанд төр хөндлөнгөөс оролцох бүрт иргэд их хэмжээний хөрөнгөөрөө хохирч, харин эрх мэдэл албан тушаалтай хэдэн нөхдүүд сиймхийгээр нь хожсон түүх байна. Бид ХЗХ-ны үнэгүйдсэн хөрөнгөтэй холбоотой мэдээллийг та бүхэндээ цувралаар хүргэх болно.