ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Нийслэлийн цахим архив” программыг төрийн байгууллагуудад дамлан худалджээ

С.БУДРАГЧАА (сэтгүүлч)
2018-05-01

Нийслэлийн харьяа 1010 байгууллагад архивын программыг дамлан зарсан байж болзошгүй

“Нийслэлийн цахим архив”-ын программ хангамжийг 278 сая төгрөгөөр захиалан хийлгэжээ

Нийслэлийн Засаг даргын 2013 оны зургадугаар са­рын 04-ний өдрийн А/564 дү­гээр захирамжаар “Нийс­лэ­лийн цахим архив” төс­лийг анх баталжээ. Тус төс­лийг “Төрийн архивын сан хөмрөгт ха­маа­раг­дах барим­тыг цахим хэлбэрт шил­жүү­лэх, Нийслэлийн архи­вын мэдээллийн санг бүр­дүү­лэх, тэдгээрийг хад­га­лах, хамгаалах, аюулгүй байд­лыг бүрдүүлэх, бай­гуул­лага иргэдэд үзүүлдэг лав­ла­гаа мэдээллийг түргэн шуурхай бол­гох” зорилгоор хэрэг­жүүл­сэн байна.

Уг төслийг хэрэгжүүлэхдээ 11 зорилтын хүрээнд 21 ажил хийхээр тогтож, нийт 1,320,017,440 төгрөг зар­цуу­лахаар төлөвлөжээ. Үүнээс цахим мэдээллийн санг бүрдүүлэх программ хангамжийн ажилд 278,000,000 сая төгрөг зарцуулсан байна.
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар 2015 оны дөрөвдүгээр сард Нийслэлийн архивын газрын захиалгаар “Төрийн архивын цахим нөхөн бүрдүүлэлтэд тоон гарын үсэг нэвтрүүлэх онлайн систем болон дагалдах программ хангамжийг нийлүүлэх ажил”-ын тендерийг зарлан явуулж “Нью Соник” ХХК-ийг сонгон шалгаруулж байжээ. Тус компани уг программ хангамжийг 208,020,090 төгрөгийн өртөгтэйгээр зургаан сарын турш гүйцэтгэж, Нийслэлийн архивын газарт 2015 оны аравдугаар сард хүлээлгэн өгсөн байна. Түүний дараа 70 сая өртөг бүхий хоёр шинэ нэмэлтийг хийж өгчээ.

“Нью Соник” ХХК-ийн хийсэн программ хангамж

Тус компани Нийслэлийн архивын газрын захиалгаар “Төрийн албан хэргийн баримт бичиг боловсруулалт, байгууллагын архив, төрийн архив, мэдээлэл лавлагаа” гэсэн дөрвөн хэсгээс бүрдэх 172 төрлийн үйлдэл хийдэг программ хангамжийг бүтээжээ.
Төрийн албан бичиг боловсруулах үйл явц цаасан суурин дээр хийгддэг, шат дамжлага олонтой, хугацаа их шаарддаг, боловсруулсан бичгээ албан бланканд тааруулан хэвлэх зэрэг өртөг зардалтай их байсныг тус программ хангамжаар халжээ. Албан хэрэг хөтлөлтийн программ хангамжийг нэвтрүүлснээр албан бичиг боловсруулалт цахим хэлбэрт шилжиж, хууль журмаар тогтоосон стандартын дагуу ямар нэгэн алдаа мадаггүйгээр боловсруулагдаж, нийслэлийн байгууллагууд хоорондоо сүл­жээ­гээр илгээх боломжтой болсон байна. Ингэс­нээр нийслэлийн байгууллагуудын бичиг хэр­гийн зардал, шуудангийн зардал эрс буурах, явуул­сан бичгээ хаана, хэн гэдэг албан тушаалтанд очсоныг давхар хянах боломжтой болжээ.
Түүгээр ч зогсохгүй нийслэлийн бүх байгууллагын архивын баримтуудыг цахим хэлбэрт шилжүүлэх ажил хот даяар өрнөж, шинээр бий болсон архивын нэгжээ цахим хэлбэрээр бүрдүүлдэг болсон байна. Цахим архивын нэгжийг бүрдүүлэхэд өртөг зардал багатай, хадгалалтын горим бүхий тусгай байр шаардахгүй зэрэг давуу талтай байдаг аж. Түүгээр ч зогсохгүй архивын баримтуудаа хуульд заасан хугацаанд Улсын төв архивын нэгдсэн сан руу ямар нэгэн нэмэлт өртөг зардалгүйгээр цахимаар шилжүүлж болдог болжээ.
Иргэн, аж ахуйн нэгжүүд Нийслэлийн архивын газраас архивын баримт материал авахын тулд 12 шат дамжлага дамжиж, 2-14 хоногийн хугацаанд хөөцөлдөж байж тухайн баримт материалаа авдаг байжээ. Харин дээрх программ хангамж нэвтэрснээр 2-3 минутад архивын баримтыг гаргуулан авах нөхцөл боломж бүрдсэн маш сайн ажил болжээ. Программ хангамжийг ашиглалтад оруулах явцад цөөнгүй алдаа, зөрчил илэрч байсан ч тэдгээр алдааг тухай бүрт нь “Нью Соник” ХХК засч залруулж байсан гэв.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ МОНГОЛЫН МЭДЭЭ СОНИНООС