УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөснөөс хойш 20 жилийн хугацаа өнгөрлөө. Түүний амь насыг хөнөөсөн гурван этгээд 18 жилийн дараа илэрч шүүхээс ял авсан бөгөөд захиалагчийг олж тогтоох ажил өдгөө үргэлжилж байгаа юм. С.Зоригийн амь насыг хөнөөсөн асуудлаар тухайн үед төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан эрхмүүд ямар зүйл ярьж, хэлж байсныг тухайн үеийн сонинуудаас шүүрдэн хүргэж байна.
УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл
Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан үндэслэлийн дагуу хэргийн газар эд мөрийн баримт үлдээсэн гэх хэргээр сэжигтнээр татагдсаныхаа дараахан Э.Бат-Үүл сонинд өгсөн ярилцлагаас
“... надаас ЦЕГ-ын дарга Ч.Амарболд өс хонзон авч байна. Би түүнийг ЦЕГ-ын даргаар томилогдоход нь их дургүйцсэн юм. Түүнийг би гэмт хэрэгтнүүдтэй холбоотой гэж хэлсэн. Саяхан Ч.Амарболд сурвалжлагч Л.Мөнхбаясгаланг бусдыг гүтгэлээ гэж хорьсон байна билээ. Энэ нь түүний нэг илрэл. Э.Бат-Үүл яагаад бухимдав гэж ярьж бичиж байна. Би чинь хүн шүү дээ, мөн ч их муулууллаа...”
Өнөөдөр сонин, 2000.04.13 №086
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Наранцацралт
“... Энэ бол улс төр, бизнесийн хүрээнийхний оролцсон улс төрийн аллага...”
Өнөөдөр сонин, 2000.03.21 №066
МИЗН-ын Тамгын газрын дарга З.Нармандах
“... Энэ хэргийг улс төрийн аллага гэж үзэж байгаа бол тухайн үед төр барьж байсан Засгийн газар, хүчний байгууллагуудын удирдлагууд энэ хэрэгт холбогдолгүй болохоо нотолсон баталгаа гаргаж өгөх нь олон эргэлзээг тайлж, хар сэрийн хөшиглөсөн мананг тууж өгөх нь зайлбаргүй...”
МРТХЭГ-ын дарга Б.Билэгт
“... С.Зоригийн аллагын эзэд нь Н.Багабанди, Ш.Отгонбилэг...”
Монголын мэдээ сонин, 2000 он, №081
ЦЕГ-ын дарга, Хурандаа Д.Мөрөн
“... Шалгалтын явц нэлээд хумигдаж байна. Бид задгай тал дээр юм хайх хэмжээнд хэргийг шалгаж эхэлсэн бол одоо шалгалт тодорхой хүрээнд орсон. Иймээс ч хэргийн хүрээ хумигдаж байгаа. ”
Өдрийн сонин, 1999.09.20 №165
УИХ-ын гишүүн Т.Ганди
“... Би энэ хэргийг илрүүлчихсэн гэж боддог. Яагаад гэвэл цагдаагийн байгууллага, цагдаа нар маань ажлаа мэддэг, хэнээс дутахааргүй хийдэг гэдэгт итгэлтэй байна. Тийм учраас илрүүлчихсэн хэрнээ олон түмэнд зарлачих цаг хугацаа нь болоогүй юм болов уу даа...”
Өдрийн сонин, 1999.09.20 №165
УИХ-ын гишүүн Ж.Бямбадорж
“... Илэрнэ гэдэгт итгэдэг. Одоохондоо илрэхгүй гэдэгт итгэдэг. Хүний амь насанд зохион байгуулалттайгаар халдсан юм чинь тэр зохион байгуулалт нь эвдэрсэн хойно л илэрнэ биз дээ. Маш их харамсч явдаг юм даа. Би энэ бол айхтар зохион байгуулалттай хэрэг гэдгийг урьд хэлж байсан. Одоо ч давтаад хэлье...”
Өдрийн сонин, 1999.09.20 №165
Улс төрч Ч.Энхээ
“... С.Зориг Ерөнхий сайд болохынхоо өмнөхөн алагдсан шүү дээ. Энэ бол цэвэр албан тушаал, ашиг сонирхлын аллага. Захиалагч, алуурчин нь яг манай нам дотор байгаа. МҮАН дотроосоо алсан гэдгийг би 100 хувь зөвшөөрнө. Энд МАХН хамаагүй. Гадаадын ямар ч мафи, байгууллага ч хамаагүй, зүгээр нэг эрүүгийн гэмт хэрэг, хулгайчид огт хамаагүй. Манай нам дотор л гэмт хэрэгтэн байгаа...”
Үнэн сонин, 1999 он, №153
Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ц.Элбэгдорж
“... Засгийн газар техник хэрэгсэл, хүн хүч, хөрөнгө санхүүгийн ажилд дэмжлэг үзүүлэх байр суурьтай байна. Шаардлагатай бол гадны холбогдох байгууллагаас тусламж авч ажиллая. Магадгүй энэ ажлыг арай эрт эхлэх байсан байж ч магадгүй...”
Өнөөдөр сонин, 1999.10.02
УИХ-ын гишүүн Б.Батбаяр (Баабар)
“... Өнгөрсөн оны есдүгээр сард талийгаач С.Зоригийг баахан хүн төрийн ордны дэргэд барьж чирч гулдарсан. Өнөөдөр намайг бас тэглээ. Тэд С.Зоригийг өнгөрсөн оны аравдугаар сарын 02-ны өдөр алчихаад, уг хэргийг гүйцэтгэсэн хоёр хүний хамт чи маргааш нь Япон руу явсан гэж дайрч давшилсан. Намайг С.Зоригийн амь насыг хохирооход оролцсон гэдгийг улс төр судлаач Л.Эрдэнэтуул, УИХ-ын гишүүн Ц.Ганхуяг нар баталдаг юм билээ. Би төрд алба хашч яваагийн хувьд орой ч, өглөө ч хулгайч шиг хүн амьтнаас нуугдаж явмааргүй байна. Иймд намайг УИХ-ын гишүүний хувьд биш юм аа гэхэд иргэний хувьд ажил үүргээ хэвийн явуулах боломжоор хангаж өгөхгүй юу...”
УИХ-ын гишүүн Ц.Шаравдорж
“... С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг бол урьдаас төлөвлөсөн нэлээд зохион байгуулалттай, дээгүүр албан тушаалтай хүмүүс оролцсон гэдэг нь тодорхой байх шиг. Ер нь төрийн ямар нэгэн албан тушаалтны хэрэг, маргаан бусад хэргийг бодвол нэлээн удаашралтай байна...”
Өнөөдөр сонин, 1999 он, №140
УИХ-ын гишүүн асан Д.Энхбаатар
“... С.Зориг Ш.Отгонбилэгтэй таарамжгүй харьцаатай байсан гэдгийг би мэднэ. ОХУ-ын Элчин сайд Павловын төрсөн өдөр болоод “Найрамдал” зусланд С.Зориг, Равдангийн Батаа, Ш.Отгонбилэг, би гээд хэдэн хүн очсон юм. Бүгд л нэлээд ууцгаасан. Энэ үеэр Ш.Отгонбилэг С.Зориг хоёр үг сөргөлцөөд байсан. С.Зоригийг үг хэлэхэд Ш.Отгонбилэг таслаад орчихдог. “Би юм хэлж байна” гэхээр нь “Чи юу юм” гэдэг. “Сайд чинь байна” гэхээр “Өө тэгвэл хэл хэл” гэчихээд удалгүй “Дууссан уу сайдаа” гээд л. Ер нь Ш.Отгонбилэг их дээрэнгүй хандаж, С.Зориг уурласан байдалтай байсан...”
Өдрийн сонин, 2000
Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ц.Элбэгдоржийн туслах Ц.Оюунгэрэл
“... Цагдаагийхан С.Зориг агсны амь үрэгдсэн эхний өдрүүдэд эрчимтэй ажиллаж, Батаа, Оюунаа нэртэй хүмүүсийг шалгаж байсан. Тэгэхэд намайг хүртэл сэжиглэж тэр шалгалтад оруулсан. Миний гар хурууны хээг авч аравдугаар сарын 02-ны өдөр хаана юу хийж явсан талаар гэрчийн мэдүүлэг ч авсан. Миний хувьд татгалзалгүйгээр шаардлагатай мэдээллийг бүрэн өгсөн. Би бусад Батаа, Оюунаа нарын адил шалгагдсан байх...”
Өдрийн сонин 1999.03.10 №51
ЕТГ-ын дарга С.Баяр
“Тухайн нөхцөл байдал ямар байсныг мэдэхгүйгээр хариулна гэдэг хэцүү. Булганы оронд байсан бол үхэх ёстой байсан гэж үү. Үнэхээр бүх юм бидний санаснаар болдог бол С.Зоригт ийм хэрэг тохиолдоогүй ч байсан болоосой гэж хүсч байна”
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж
“... С.Зоригийн хэрэг дээр цэвэр мэргэжлийн байгууллага шалгах ёстой юман дээр улс төрийн байр сууринаас хандаад байсан. Анхнаасаа “улс төрийн аллага” гэж нэрлээд л. Эвслийнхэн өөрсдөө улстөр хийж үнэндээ энэ хэрэг улс төрийн зорилготой юу үгүй юу гэдгийг хэрэг үйлдсэн хүмүүс л мэдэж байгаа шүү дээ. Энэ хэргээр хамгийн олиггүй улс төр хийж, бүхэл бүтэн нам байгуулчихаад явж байгаа хүмүүс бол УИХ-ын ажлын хэсгийг байгуулсан хүмүүс шүү дээ. Энэ хэргийг анхнаасаа буруу шалгаад эхэлчихсэн. Дунд нь маш их хугацаа алдсан. Буруу юм хөөсөөр байгаад гол шалгах юмаа орхичихсон. Үүнээсээ болоод нотолгооныхоо ач холбогдолтой баримтуудыг шалгаж чадсангүй алдсан байхыг үгүйсгэхгүй. Хэрэг илрээгүй байхад цагдаагийн удирдлагыг сольж болохгүй. Хэрэв сольчихвол эцсийн дүндээ хариуцлага хүлээх хүн байхгүй болно гэдэг байр суурины өмнөөс би Мөрөнг өөрчилсний эсрэг байсан. Харамсалтай нь сольсон. Нөхцөл байдал яг л миний төсөөлж байснаар бүх юм явсан”
Хувийн хэрэг сонин, 1999 оны 11 сарын 02
Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Дэмбэрэлцэрэн
“...Энэ хэрэг илрэх бүрэн боломжтой хэргүүдийн нэг байсан. Тодорхой эд мөрийн баримт, гэрч ч байсан. Үүн дээр манай мөрдөн байцаах алба тактикийн алдаа гаргасан байх...”
Урт чихт сонин 1999 №39,40