ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нийгмийн даатгалыг үр хүүхдэд нь өвлүүлдэг болъё

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-01-06

Угтан ирж байгаа шинэ оны бэлэг болгон төр иргэдийнхээ нийгмийн даатгалын шимтгэл төлөх хувь хэмжээг нэмлээ. Ийм бэлгийг монголчууд 2020 он хүртэл хүссэн ч эс хүссэн ч авна. Учир нь төрөөс 2030 он хүртэл тэтгэврийн талаар баримтлах бодлогыг УИХ-аас баталсан.Энэ бодлогын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд хоёр хувь, 2019 онд нэг хувь, 2020 онд мөн хоёр хувь нийтдээ таван хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарган баримталж байгаа нь энэ.

Иймээс Нийгмийн даатгалын шимтгэл 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс нэг хувиар нэмэгдлээ. Ингэхдээ ажил олгогчийн төлдөг хувь 0.5 хувиар, ажилтнаас төлдөг шимтгэл мөн 0.5 хувиар тус тус нэмэгдэж бодогдох гэнэ. Шимтгэлийг ийнхүү 2020 он хүртэл үе шаттайгаар нэмэгдүүлж байгаа нь Нийгмийн даатгалын сан болон Тэтгэврийн сан ачааллаа дийлэхээ больсонтой холбоотой гэж эрх баригчид тайлбарладаг.

Энгийнээр хэлбэл тэтгэвэрт өгөх мөнгөгүй болсон тул ийнхүү иргэдийн халаасыг тэмтрэхээс өөр арга зам эрх баригч нарт харагдахгүй байгаа гэсэн үг. Мөн Олон улсын валютын сан гэх “хадны мангаа” татвараа нэмэгдүүл гэсэн шаардлага тавьсны гай ингэж иргэдэд мэдрэгдэж байгаа нь энэ. Гэхдээ халхавч нь энэ хоёр болохоос яг үнэн нь “Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг төр өөр зүйлд зарцуулж, эргэлтгүй болгочихсон” гэж эдийн засагч нар хэлдэг үг. Нийгмийн даатгалын санд жилд дунджаар хоёр их наяд төгрөгийн орлого төвлөрдгийн 1.4 их наядыг нь тэтгэвэрт зарцуулдаг гэсэн тоон үзүүлэлт байна. Эндээс харахад нэг их хоосорч, тэтгэвэр тавьж чадахгүй байдалд орох хэмжээний мөнгөн дүн харагдахгүй байгаа биз.

Жил ирэх тутам ажиллагсдын нийгмийн даатгалын санд төлөх мөнгөн дүн өсөөд байхад яагаад сан нь хоосроод байна уу гэдэгт л асуудал нь оршино. Манай эрх баригчдын гаргасан шийдвэрээр бол ажилтан таны төлөх нийгмийн даатгалын шимтгэл 2017 онд 85 мянган төгрөг байсан бол 2020 онд 106.2 мянга төгрөг болж нэмэгдэх нь ээ. Сүүлийн гурван жилийн дотор нийгмийн даатгалын шимтгэл хэдэн хувиар нэмэгдэж байгааг хүснэгт нэгээс харж болно. Мөн сайн дурын даатгуулагч сард 43.4 мянган төгрөг төлдөг боллоо.

Тэгэхээр “Хэзээ үхнэ гэж ингэж суух уу” гэж монголчууд хэлдэг шиг хэзээ тэтгэвэр тогтоолгож, хэдэн жил үр шимийг нь хүртэнэ гэж ийм их мөнгийг сайн дурын даатгуулагч өгөх үү. Нийгмийн даатгалын шимтгэл нь өсөхийн зэрэгцээ тэтгэвэрт гарах нас ч мөн л нэмэгдсэн. Ер та бидний сонгосон УИХ-ын гишүүд нэмсэн гэдэг үгэнд их дуртай болчихоод байгаа. Долоон төрлийн татвар нэмсэн, Шатахууны үнэ нэмсэн. Цахилгаан, дулааны үнэ нэмсэн гэх мэт ар араасаа хөврөх олон нэмэгдлийн нэг нь тэтгэвэрт гарах нас. 

УИХ 2016 оны төсвийн тодотголыг Засгийн газар өргөн барьж, УИХ-аар хэлэлцүүлэх үед одоо байгаа тэтгэвэрт гарах насыг 2 жилд 1 насаар буюу жилд 6 сараар нэмэгдүүлж, эрэгтэй хүний тэтгэвэрт гарах насыг  65 -д хүргэх, эмэгтэй хүний тэтгэвэрт гарах насыг 2036 оноос буюу 20 жилийн дараа 65 настайд тэтгэвэрт гарах тохироонд хүрсэн. Гэтэл манай орны иргэдийн дундаж наслалт 2015 оны байдлаар эмэгтэйчүүдийнх 75.8,  эрэгтэйчүүдийнх нь 66.02 байна. 2005 онд жишээ нь, эрэгтэйчүүдийн дундаж наслалт 62.11 байжээ.

Өөрөөр хэлбэл эрэгтэйчүүдийн дундаж наслалт 10 жилийн хугацаанд дөрөв орчим насаар нэмэгдсэн байна. Энэ тооцооллоор магадгүй эрэгтэйчүүдийн дундаж нас  2025 онд 70 болох нь гэж төсөөлье. Харин тэд 65 настайдаа тэтгэвэртээ гарна. Ердөө тавхан жил тэтгэвэр авах нь дээ. Харин яг одоогоор бол эрчүүд 50 орчим жил хөдөлмөрлөж, нийгмийн даатгалын шимтгэлээ төлчихөөд азтай нэг нь тэтгэвэртээ гарч чадвал нэг жил гаруйхан хугацаанд Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр аваад л бурхны орондоо нойрсох нь ээ.

Ийм л харалган шийдвэрийг төр гарган хэрэгжүүлж байна. Дэлхийн улс орнуудын дундаж наслалт, тэтгэвэр тогтоох насыг хүснэгт хоёроос харж болно. Уг хүснэгтийг ажиглахад дэлхийн улс орнууд тухайн иргэн тэтгэвэр тогтоолгоод арав гаруй жил амьдарна гэж тооцоолж тэтгэврийнхээ насыг тогтоодог нь харагдаж байна. Гэтэл манайд эсрэгээрээ бүр хоёр жил ч хүрэхгүй хугацааг сонгосон байх юм. Нийгмийн даатгалын сан нь мөнгөгүй болчих гээд байгаа болохоор дундаж наслалтад нь тулгаж ийнхүү тэтгэвэрийг нь тогтоох арга хэрэглэж байгаа нь энэ юм байх даа. Ер нь нийгмийн даатгалын сангийн хөрөнгө гэдэг төрийн өмч биш.

Төр үүнийг захиран зарцуулах эрхгүй. Мөн хэн дуртай нь үрчихдэг ёроолгүй сав биш. Энэ санд төвлөрч байгаа мөнгө бол та бидний л өмч. Ажилтан таны хөрөнгө гэсэн үг. Яг энэ утгаар нь манай төр нийгмийн даатгалыг шимтгэлийг зарцуулах цаг нь болсон гэдэг нь тус сангийн дампуурал харуулж байна. Иргэн С нийгмийн даатгалын шимтгэл 40-50 жил төлжээ. Тэгвэл энэ иргэний дансанд нэлээд хэдэн төгрөг байгаа гэсэн үг.

Харин иргэн С тэтгэврээ тогтоолгоод гурван жил аваад насан өөд болоход үр хүүхдэд нь дансанд үлдсэн мөнгө нь өвлөгдөн үлддэг болъё. Мөн иргэн Я насаараа нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаад тэтгэврийн нас арай хүрэлгүй таалал төгсөхөд мөн л түүний дансанд байгаа шимтгэлийн мөнгө хүүхдүүд нь өвлөгддөг ийм шинэ тогтолцоо үгүйлэгдэж байна. Хэрэв энэ тогтолцоо хэрэгжиж эхлээд багахан хугацаа өнгөрөхөд төр нийгмийн даатгалын санд санаа зовох хэрэггүй болж, иргэн хүн өөрийн шимтгэлээрээ өндөр насанд хүрэхээрээ амьдардаг бас өвлүүлдэг барууны жишиг тогтох нь ээ.

Угаасаа манай орны нийгмийн даатгалын хувь хэмжээ өндөр хөгжилтэй барууны орныхоос өндөр болсон. Гэтэл цалин нь тэдэнтэй харьцуулахад барууны оронд очоод ганц удаа тансаг зоогийн газар гэр бүлээрээ ороод хоол идэж хүрэхгүй хэмжээний хэдэн бор төгрөг авдаг. Харин шимтгэл нь өндөр цалинтай, амьдрал хангалуун барууны орныхноос илүүг өгч байна. Бид ийм л дампуу “нохой замаар” хэр удаан явах уу. Эрхэм төрийн түшээд ээ.