Францын хамгийн алдартай түүхэн дурсгалуудын нэг болох Нотре дам буюу “Эх дагины сүм”-д энэ сарын 16-нд гал гарч, дээврийн хөндий тэр чигтээ шатсан харамсалтай хэрэг гарсан юм. Тус сүмийн дээврийг шинэчилж байх үеэр энэхүү харамсалтай хэрэг гарсан бөгөөд Францын ард түмэн түүхэн соёлын өв нь шатсан явдалд өнөөдрийг хүртэл гашуудаж байгаа юм.
Тэгвэл энэхүү түүхэн дурсгалыг сэргээн босгох үйлсэд тус улсын болон дэлхийн тэрбумтнууд ар араасаа хандив өргөж, өнөөдрийн байгаагаас нь илүү сайхан болгох их үйлсийг эхлүүлжээ. Дэлхий нийтээр гашуудаж, харамслаа илэрхийлсэн захидлыг ч францчуудад илгээж байна. Бид ч бас тэднээс дутсангүй. Нүүр номоор болон твиттер хуудсаараа дамжуулан харамслаа илэрхийлж гашуудав. Тэр ч байтугай Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар харамсал илэрхийлсэн захидлыг Францын Гадаад хэргийн сайдад илгээжээ. Дэлхийн түүхэн өв дурсгалын төлөө бид эмгэнэж чаддаг гэдгээ үүгээр нотлов.
Гэвч “Эх дагины сүм”-ээс ч дутахгүй, олон зуун жилийн гайхалтай өв соёл Монгол Улсад бас байдаг юм. Тэрхүү түүхэн өв соёлын төлөө монголчууд нийтээрээ ингэж гашуудаж, эсвэл тэрбумтан, баячууд нь хандив өргөдөг болов уу хэмээн хайж үзлээ. Харамсалтай нь бахархах биш харин шившигтэй, гутамшигтай мэдээлэл олж уншдаг юм байна. Эх нутгийнхаа өв соёлыг арчлан тордож, асран хамгаалж, тэрбумаар нь мөнгө хандивлах бус эсрэгээр газрыг нь дээрэмдэж, нурааж, оронд нь идэш уушын газар, бизнесийн ашиг олох эмнэлэг, амралт зугаалгын газар барих талаар илүү ажиллажээ, тэд.
Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей, Чин ван М.Ханддоржийн гэр өргөө, Ерөнхий сайд асан П.Гэндэнгийн өргөө, анхны Ерөнхий сайд асан Т.Намнансүрэнгийн байшин гээд түүхийн үнэлж барамгүй хосгүй өв болсон бүтээлүүд эхнээсээ нурж, зарим нь газрын наймаачдын гараас гарт дамжин зарагджээ. Түүхэн соёлын өв хэмээн хамгаалалтын бүс тогтоох шийдвэр тэртээх 2001 онд гарснаас хойш Чойжин ламын сүм музей, Зүүн хүрээ Дашчойлин хийд, Данбадаржайлин хийд, Богд хааны ордон музей мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн дайралтад байнга өртөж, газраа алдсаар ирсэн байх юм. Харин энэ бүхэнтэй Хотын дарга асан Су.Батболд тэмцэж, хэд хэдэн компанийн газар эзэмших эрхийг цуцалсан ч шийдвэр тийм ч үр дүнтэй байгаагүй гэдэг.
Тэр ч байтугай Чойжин ламын сүм музейн газраас 199 мкв газрыг хумсалчихсан УИХ-ын гишүүн Б.Батзориг найман жил шүүхдэлцэж, “Чойжин ламын сүм музей нь иргэн Б.Батзоригийн газраас давхцуулан авч, зөрчил гаргасан” гэх хачин жигтэй шийдвэр ч гаргуулж байсан баримт олдов. Энэ бүхнийг “Цензургүй сурвалжилга”-ын “Түүх соёлын дайсан-Монголын олигархууд” нэвтрүүлгээс та бүрэн бүтнээр нь үзэж болох юм.
Эдгээр хүмүүсийн нэрсийг ч тус нэвтрүүлгийн хоёр цувралд дурдагдсан баримтуудаас авсан болно. Нэвтрүүлэгт нэр нь гарсан түүх, соёлын газруудын газраас хумсалсан, хулгайлсан шийдвэрүүдэд Хотын дарга асан Г.Мөнхбаяр, Т.Билэгт, Ц.Батбаяр нараас гадна НИТХ-ын дарга асан Ц.Сандуй нар гарын үсэг зурсан байгаа нь “Хотын фракци” буюу М.Энхболдын бүлэглэл өнгөрсөн жилүүдэд ямар хүчтэй байсныг, газрын наймаачид гэж яагаад нэрлэж байсныг нотлох нэгэн жишээ болох мэт. Илүү зүйлийг олон нуршихгүйгээр гадны баячууд эх түүхдээ хэрхэн ханддаг, манай баячууд яаж ханддаг вэ гэдгийг үзүүлье.