Ерөнхий командлагч Ерөнхийлөгч мөн эсэх асуудлыг хэлэлцэнэ

37

Маргааш өглөө 09.30 цагаас Үндсэн хуулийн цэц хуралдахаар болжээ. Цэцийн хуралдаанаар нэр бүхий иргэдийн өргөн мэдүүлсэн Батлан хамгаалах тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэх маргаантай асуудлыг хэлэлцэх юм байна.

Тодруулбал, Батлан хамгаалах тухай хуульд, Монгол Улсын Ерөнхийлөгч нь зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд Үндсэн хуульд заасан бүрэн эрхээс гадна зарим тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан байдаг.

Тэдгээрийн дотор “дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох;” хэмээн хуульчилжээ. Энэ нь “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн эсэхийг Цэцийн хуралдаанаар хянан хэлэлцэх юм байна.