Гай ч үгүй, гавьяа ч үгүй түшээд

429

-Бийд нэмэргүй, байхгүйд гарзгүй-

УИХ-д хамгийн олон сонгогдсон төрийн тү­шээд Монголын төрд гавьяа байгуулсан гэхээс илүү гай тарьсан нь олон юм. Энэ удаагийн пар­ла­ментад дөрвөөс дээш удаа сонгогдсон есөн гишүүн байгаа. Ту­хайлбал, УИХ-ын ги­шүүн Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, С.Батболд, Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Л.Болд, Д.Оюунхорол нар. Тэд олон жил төрд сууж, ард түмнийг төлөөлсөн атлаа түүнийх гээд өмчлөөд нэрлэх олигтой хуулийн төсөл ч үгүй, улс орноо хөгжүүлэх талаар ч хуруугаа хөдөлгөөгүй байх юм. Биднийг хүүхэд байхад л тэд төр түшилцэж байлаа. Үр хүүхэд маань томорчихоод байхад ч тэд төр түшсээр байна. Харин улс хөгжсөн үү гэвэл тийм биш. Улстөрчийнхөө хувьд гавьяа байгуулав уу гэтэл бас л алга. Хатуухан хэлэхэд, тэдний дэргэд залуу улстөрчид нь харин хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй сууж байгаа. Тиймдээ ч бийд нэмэргүй, байхгүйд гарзгүй эдгээр улстөрчдийг “Баримт тайлбар” буландаа онцоллоо.

Ц.Нямдорж

-Түүнийг хууль зүйн салбар улс төр хоёроос салгаж ойлгох аргагүй. Тэрбээр 20 гаруй жил улс төрд зүтгэхдээ Хууль зүй, дотоод хэргийн сайдаар таван удаа томилогдож ажилласан байдаг. Өөрийгөө нэр цэвэр, шударга төрийн түшээ хэмээн цоллох дуртай ч сүүлийн үед даравч далдайж, булавч бултайж байна. Хууль зүйн салбарын гажуудал, завхрал хоёрыг ам нээх бүрт шүүмжлэх дуртай. Гэвч энэ салбарын удирдлагаар таван удаа томилогдож очсон атлаа гажуудал, завхрал хоёрыг шүүмжилж бас элэглэж суухаас өөр ахиц гаргасангүй. Үгүй ядахдаа л ганцхан хүний хэргийг илрүүлчихэж чадахгүй, 20 гаруй жил улс төр хийлээ. Залуу улстөрчдийг хэмх доромжилж, хэвлэл мэдээллийг өөрийнхөөрөө цензурдэж суугаа атлаа энэ бол Ц.Нямдорж гэж улстөрчийн гавьяа шүү гэсэн том ажил олныг дуулсангүй. Цагдаагийн хэдэн алба хаагчдыг унаатай болгож, орон сууц бариулснаас өөрөөр 20 гаруй жилийн улс төр нь Төрийн ордонд хамгийн шударга зүйл ярьж, хамгийн шударга бусыг хийх байдлаар өнгөрчээ. Амьдардаг гэр, хөлөглөдөг машинаа чамлаж, гоморхдог. Олон тэрбумын үнэтэй хаусаа амбаар хэмээн нэрлэж, амь насанд заналхийлж байна гэсэн шалтгаанаар тансаг унаа бэлтгүүлэн эрх нямбаа эдлэж эрхлэж суугаа өвгөн сайд. Түүнчлэн 24 настай хүүдээ “Эрдэнэт” үйлдвэр рүү холбон өгч 4.2 тэрбум ам.долларын гэрээ шахсанаа жижигхэн зүйл дээр туслаж, эцэг хүнийхээ үүргийг биелүүлсэн гээд тайлбарлаад суудаг улстөрч түүнээс өөр гарсангүй. С.Зориг агсаны хэрэг дээр хүртэл олон нийтийг далайлгадаг авч Хуульзүй, дотоод хэргийг сайдаар таван удаа сонгогдохдоо жирийн уншигчийн мэдээллээс хэтрээгүй юм.

Б.Бат-Эрдэнэ

-Спортоос улс төрд орсон түүнийг олон нийт хэзээ ч улстөрч гэсэн өнцгөөс харж байгаагүй юм. Магадгүй түүний бүрдүүлсэн имиж тэр байх. Парламентад дөрвөн удаа сонгогдож байгаа бөгөөд байнгын хорооны дарга, Батлан хамгаалахын сайдаар ажиллав, энэ хугацаанд. 2013 онд Б.Бат-Эрдэнэ Монголын Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан удаатай. Улс төрд 10 гаруй жил зүтгэхдээ Урт нэртэй хууль буюу “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулиас өөр нааж, нялзаах зүйл олдсонгүй. Батлан хамгаалахын сайд байх үедээ нэлээд донгодуулж, чихнээсээ хонх уяж байсан. Хариуцсан салбарт нь хэд, хэдэн ноцтой асуудал гарахад хариуцлага тооцох зүйл яригдсан ч харамсч буйгаа илэрхийлээд л өнгөрч байв. Золгүй байдлаар гранат дэлбэрч хоёр албанщ хаагч амиа алдаж, олон хүн шархдаж, эрүүл мэндээр хохироод л өнгөрсөн. Харин эрхэм төрийн түшээ эрх мэдэлтэй, эрх нямбатайгаа байсаар байна. Тэр 17 жил Оюутолгой, уул уурхай хоёроос өөр ярих сэдэвгүй явлаа. Өнөөдөр ч тэр сэдэв нь яригдсаар л байна. Ахиц ерөөсөө гараагүй юм.

Ч.Улаан

-Мөн л ялсан талын гол дүр. Тэр ялалтыг дагаж, сонголтоо хийдэг. Ч.Улаан Монголд гайгүйд тооцох эдийн засагчдын нэг. Түүний улс төрийн замнал 20 гаруй жилийн түүхтэй бөгөөд байнгын хорооны дарга, УИХ-ын дэд дарга, Шадар сайд, Сангийн сайдаар хоёр ч удаа томилогдсон байдаг. Гэвч түүний нэрийн дор гавьяа гээд нэрлэчих зүйл үгүй байна. Харин улсын төсвийг Улаан улайсгаж, Цагаан цайруулдаг гэх хэлц үгний эзэн болсон юм. Улс төрд зүтгэсэн 20 гаруй жилд эдийн засгийн уналтыг шүүмжилж, өсөлтийг шагширсан хэдэн үг унагаж, эхнэрийнхээ компанид тендер авч өгсөн гэсэн мэдээллээс өөр нэрлэх юм хайгаад ч олсонгүй. Энэ олон жил улс төрд зүтгэхдээ Монгол Улсын хөгжилд түүний оруулсан хувь нэмэр байсангүй. Магадгүй төрийн танхимд сууж кноп дарсан нь эдгээр улстөрчдийн гавьяа байж мэдэх ч баталсан хуулиуд нь энэ улсыг хөгжүүлсэн үү гэвэл өгөх хариулт нь үгүй. Тэр хамгийн сайн мэддэг эдийн засгийг солонгоруулах, төсвийн сахилга батыг сайжруулах талаар ч гавьяа байгуулаагүйг би биш уншигч олон хэлдэг юм.

Сү.Батболд

-Өнөөгийн Монголын өнгө төярх Сү.Батболдоос шууд хамааралтай. Түүний улс төрийн замнал 30 нас хүрч байна. Төрийн өндөр дээд албан тушаалд тэр азаар очиж суусан. Гадаад хэргийн дэд сайдаас эхлээд Үйлдвэр худалдааны сайд, Гадаад харилцааны сайд, Ерөнхий сайд гэх мэт албан тушаалд Сү.Батболд томилогджээ. Гэвч энэ салбаруудад мөн л Сү.Батболдын хийсэн ажил, өөрчилсөн өөрчлөлт, шинэчлэл харагдсангүй. Харин эсрэгээрээ түүний хувийн компаниуд өдрөөс өдөрт өргөжин тэлж, Улаанбаатарт онцгойрч бас сондгойрч явна. Илүү олсон хэдийгээ татвараас зугтаалгах санаатай оффшор бүсэд нуусан, нуугаагүй гэдэг асуудал ч түүнээс холуур өнгөрөөгүй юм. Тэр 30 жилд төрд суухад улс хөгжсөнгүй. Харин хувийн компаниуд нь өсч өндийв. Хотын А зэрэглэлийн бүхий л өнгөтэй өөдтэй газар түүний эзэмшлийн барилга, дэлгүүр сүндэрлэв. Харин Сү.Батболд гэдэг улстөрчийн нэр Монголын төрд дандаа буруугаар данслагджээ. Оффшор, Чалькод тавьсан өр гэх мэт.

Д.Оюунхорол

-Завхан нутаг Отгонтэнгэр их сургуулиар овоглосон түүний улс төр 10 гаруй жилийн замналтай. Байнгын хорооны дарга, Байгаль орчин, аялал жуучлалын сайдаар хоёр ч удаа томилогдож байсан юм. Энэ олон жил улс төрд зүтгэхдээ Д.Оюунхоролынх гэж өмчлөөд хэлчих зүйл үнэндээ байсангүй. Үгүй ядахдаа л тамхи татах бүрт Л.Эрдэнэчимэгийг санадаг шиг энэ төрд хийж гийгүүлсэн ажил, улс орноо хөгжүүлсэн гавьяагүй тэр замналаа дуусгах нь. Завхан аймгаас улс төрийн гаргаагаа эхлүүлсэн тэрбээр тойрогтоо ч хийж бүтээсэн зүйл ховор. Харин сайдаар ажиллаж байх хугацаандаа Монгол, Кувейтын судалгааны төвийг худалдсан, шонхор шувуу агнах хууль бус зөвшөөрөл олгосон гэх мэт асуудалд орооцолдож байв. Олон нийтийн сүлжээнд түүний унтаж байгаа зураг үе, үе дэлгэгдэж, нэр хүндийг нэлээд сэвтүүлэв. Улс төрийн замналаа хар залуугаараа эхлүүлсэн ч хариуцсан салбартаа ч хийж, бүтээсэн нь ховор ажээ. Овойж, товойх гавьяа ч үгүй төрөөс явах нь ээ.

Л.Болд

-Түүний улс төрийн замнал 20 гаруй жилийн түүхтэй. Банкны салбараас улс төрийг сонгосон тэрбээр Батлан хамгаалахын сайд, Гадаад харилцааны сайдаар тус, тус ажиллаж байсан юм. Энэ 20 гаруй жилийн хугацаанд Л.Болдынх нэрлээд хэлчих ажил үнэндээ байсангүй. Түүний хувийн бизнес нь энэ хугацаанд илүүтэй хөгжжээ. Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа АТГ-т хэд хэдэн удаа шалгагдаж, Хойд Солонгост зэвсэг нийлүүлэх гэж байгаад баригдсан гэх хар мэдээлэлд нэр холбогдож байлаа. Магадгүй маргааш миний үр хүүхэд түүнийг энэ төрхөөр нь таних биз. Түүний шахаанаас болж Хойд Солонгост хоёр хүн амиа алдсан гэх хардлага ч тойроогүй. 2002 онд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг шинэчлэх шаардлагатай гэж үзэн УИХ-д 2016 онд өргөн мэдүүлж байсан ч хуулийн төсөл нь батлагдаагүй. Түүний гавьяа энэ төрд алга.

Д.Лүндээжанцан

-Тэрбээр туршлагатай улстөрч, монголын урдаа барих хуульчдын нэг нь. 1990 оноос хойш өнөөг хүртэл 20 гаруй жил гишүүнээр сонгогдож улс төрд зүтгэж явна. Д.Лүндээжанцан нь УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга, Ёс зүйн дэд хорооны дарга, УИХ-ын дэд даргаар ажиллаж байлаа. Тэр олон жил улс төрд зүтгэсэн хэрнээ нэг ч удаа сайдын суудалд томилогдсонгүй. Өөрөөр хэлбэл, албан тушаал, эрх мэдлийн төлөөх амбиц багатай хэмээн тодорхойлж болно. Тэрбээр Үндсэн хуулийг анх батлалцахад гар бие оролцож явлаа. Монгол Улс Үндсэн хуультай тусгаар улс болоход өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулсан төрийн туршлагатай түшээ. Тэрбээр олон жил төрд зүтгэхдээ саар зүйлд нэр хутгалдаж байгаагүй ч түүний гавьяа гээд хэлчих зүйл Үндсэн хуулиас өөр алга. Хуулийн хэдэн ном, дууны үг бичсэн гэдгээс өөрөөр товойлгож магтах зүйл олдсонгүй.

Д.Тэрбишдагва

-Тэр бол ялсан талын эерэг дүр. Нам сэлгэх асуудал бол түүнд юу ч биш. УИХ-д дөрвөн удаа сонгогдлоо. Бүр байнгын хорооны дарга, Шадар сайд, Хүнс хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан туршлагатай. Улс төрд олон жил зүтгэхдээ ялсан тал буюу сонгуульд ялалт байгуулах магадлалтай улс төрийн хүчнийг сонгодог. МАХН-ын дарга Н.Энхбаярыг мандаж байхад нь тэр хамт байлаа. Тэр үед Шадар сайдын сэнтийд заларч, эрх мэдлийг нь эдэлж суусан. Харин 2016 оны сонгуульд ялалт байгуулах магадлал буурахад нь МАН-даа эргэн ирж, нэр дэвших эрхээ олж авсан юм. Түүнийх гээд нэрлэчих хуулийн төсөл чамлахаар юм билээ. “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн ажлын хэсэгт орж ажилласнаас өөрөөр наах зүйл олдсонгүй.

Н.Энхболд

-Түүний улс төрийн замнал мөн л 20 гаруй жилийн түүхтэй. Тэрбээр Шадар сайдын зөвлөхөөс эхлээд байнгын хороо болон УИХ-ын дэд дарга Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байна. Энэ хугацаанд мөн л чамлалттай ажилласан. Н.Энхболд төрийн зангарагтай бас туршлагатай улстөрч. Тэрбээр элдэв хар бараан зүйлд нэр нь холбогдож байгаагүй нэр цэвэр, шударга улстөрч. Гэвч түүнийх гээд нэрлэх, наачихмаар хуулийн төсөл алга байна. Батлан хамгаалахын салбарт өөрчлөлт авчрах уу гэдэг нь харин маргааш ярих сэдэв юм.