Засгаараа дахиж оролдвол УИХ тараарай

98

Ганц ч фракцигүй, эв нэгдлийн бэлгэ тэмдэг гэж өөрсдийгөө сурталчилсаар сонгуульд ялсан МАН-ынхан хэлсэн бүхнээ мартсан нь саяхных. ОУВС-гийн нэрийг барьж, татвар нэмж, ард түмнийхээ нуруун дээр ачаа үүрүүлсэн Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг дотроосоо “хөмөрч” унагасан. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар өмнөх засгийнхаа алдааг засаж, татварын нэмэгдлүүдийг буцааж байна. Дээрээс нь зарим гишүүд ОУВС манайхыг татвараа нэм гэж нэг ч удаа хэлээгүйг илчиллээ. Манай улсын төр засгийнхны юу хийхийг нэг бүрчлэн заасан хэрэгт орсон сангийнх нь төлөөлөгч хүртэл татвар нэм гэж ганц ч удаа хэлээгүй гэдэг “мэдүүлэг” өгсөн. Ингээд л өмнөх Засгийнхан дураараа дургиж, иргэдээ “шулж” байсан хэрэг нь илрэв. Ингээд бодвол нэг талаараа Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсон нь буруу ч биш байж. Гэхдээ хэчнээн шалтгаан хэлж, зөвтгөсөн ч Засгийн газраараа оролдох нь сайн үр дүн дагуулахгүй. Тэр дундаа өс хонзонгийн шинжтэй, гомдлын мөртэй улс төр бий болох үндсийг тавьдаг. МАН нэгэнт 33, 32-оороо хуваагдчихсан. 32-ын бүлгийн талд өмнөх засагт ажиллаж байсан, албан тушаалаа алдсандаа бахардах шахсан улстөрчид цөөнгүй бий. Дээрээс нь 33-ын бүлэгт ч гомдогсдын эгнээнийхэн бий болчихоод байгаа гэсэн мэдээлэл бий. Тэр дунд Засгийн газрыг огцруулах сонирхолтой улстөрчид цөөнгүй байгаа сураг гарсан. Тэр ч битгий хэл У.Хүрэлсүхийн Засгийн газрыг 100 хоногийг үзүүлэхгүй унагана гэж шазуур зуусан хүмүүс ч байсан тухай жиг жуг орсон төрийн ордноор гарав. Сайд болоогүйдээ гомдсон хэсэг хүмүүс ч хор найруулж байгаа тухай хэвлэлээр цөөнгүй гарсан. МАН-ын зарим гишүүд цугларч, УИХ-ын даргыг Ерөнхий сайдад зүтгүүлэхээр ярьж тохирсон тухай ч мэдээлэл гарч байх жишээтэй.

Харин УИХ-ын дарга зангараг зааж, тийм яриа болоогүй, Засаг унагахгүй, эв эеийг эрхэмлэж, эх орныхоо төлөө ажиллана гэдгээ мэдэгдсэн. Хэлсэндээ ч хүрэх байх. Гэтэл сүүлийн үед залуу гишүүдийн төлөөлөл Засгийн газрыг унагаж, Ерөнхий сайдад үс нь бууралтаж яваа нэг эрхмийг зүтгүүлэх тухай яриа дэгдлээ. 32-ын бүлэг талаас бол хариугаа авч, унахын муухайг үзүүлэхийг хүсч байгаа бололтой юм. Харин УИХ-ын дарга эр хүн хэлсэндээ байх зарчмыг баримталж, нөгөө талаар 2020 оны сонгуулиа ч бодож дахиж Засгийн газраараа оролдох хувилбарыг таашаахгүй байгаа гэсэн сураг ч гараад байна. Гэхдээ л хариугаа авахыг хүсэгчдийн дотор оволзож, шар нь гозойж болох. Ерөөс цөөнгүй гишүүд Засгийн газар руу хүч түрэмгийлэн дайрч байгаа. У.Хүрэлсүхийн Засгийн газар 100 хоногийнхоо тайланг тавихдаа дандаа тунхгийн шинжтэй юм ярьсан. Юу ч хийгээгүй гэх мэтээр зумлана билээ. Харин Сангийн сайд чуулганы үеэр “Та нар дандаа л тараана, нураана, огцруулна гэж ярихаа болиоч. Нийлүүлнэ, эвлүүлнэ гэж ярьж болдоггүй юм уу” хэмээн учирлаж суусан. Нэг хуулийн төсөл ярьж байгаа юм шиг хэрнээ цаанаа бага сага зүйлийг хэлээд байгаа юм. Хэрвээ үнэхээр 32-ын бүлэг Засгийн газраараа оролдож, гомдогсод хамжаад “хавирч” унагах гэж байгаа бол УИХ тарсан нь дээр. МАН-ын бүлгийн 65 гишүүн бүгдээрээ сайд болно гэвэл Засгийн газар гурав огцрохоос наашгүй. Гомдсон болгоны гомдлыг тайлж, “давхар дээл” өмсүүлж, дулаална гэж юу байх вэ. УИХ нь Засгийн газраа хянаж, шахаж, шаардаж сайн ажиллуулах ёстой.

Сайн ажиллах боломжийг хангаж өгөх хэрэгтэй болохоос унагах гэж улайраад, муу муухайг нь дуудаад байж болохгүй. УИХ намрын чуулганы хугацаанд чухам юу хийв. Намаржин Засгийн газар унах нь гэж бужигнасан. Дараагийн Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрыг бүрдүүлэх гэсээр өдөр хоногийг барсан. Бусад үед нь өмнө нь баталсан хуулиудаа өөрчлөх, болиулахад л цаг заваа зарав. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат намрын чуулганаар банкны системийн болон Төрийн албан хаагчдын хуулийг баталсан нь гялтайх ажил байсан гэж дүгнэсэн байсан. Ерөөс УИХ ийм л маягтай ажиллалаа. Хэлэлцэх асуудалгүй байх үе ч таарсан. Хаврын чуулганаар ч олигтой хэлэлцэх хуулийн төсөл байхгүй гэж сөрөг хүчний төлөөллүүд шүүмжилж байгаа. Ийм л УИХ байна. Одоо Засгийн газрынхаа “хоолой” руу ноцож, хэлэлцэх асуудалтай болох гээгүй л бол 32-ын бүлэг өс хонзонгоо мартаад, өргөдөл гомдлоо зарим нь хойш тавиад, ажлаа олигтойхон хиймээр байна. Энд тэнд цуглаж, хор найруулж яваа бол болиод, ядаж чуулганыхаа хуралд суучих хэрэгтэй. Ирц 56 гэсэн мөртлөө танхимдаа 20 хүрэхгүй хүн суугаад, хууль хэлэлцэж, баталж, “төгөлдөр” хуур тоглоод байхаа болиоч. Одоо Засгийн газрыг унагавал дараагийнх нь хэд наслах уу. Ёстой 100 хоногоо үзэхгүй юм болно биз. Тийм болохоор дахиад засгаараа оролдвол УИХ зүгээр тарсан нь зөв. Хуралдаа суудаггүй, хууль уншаад ойлгодоггүй “бор халзан”-гуудаа байр байранд нь тавьчихаад, шинэ парламент бүрдүүлбэл улс оронд ч хэрэгтэй.