Ард түмнээ доромжилж дуусаагүй юу, М.Энхболд дарга аа

41

Өнгөрөгч оны аравдугаар сарын 2-нд нээлтээ хийж, намар, өвлийн турш танхим огцруулах, Элчин сайд томилох, баталсан төсвөө буцаах зэргээр улстөржсөн намрын чуулган өчигдөр дуулиантайхан хаалтаа хийв.

Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уламжлал ёсоор УИХ-ын чуулганы нээлтэд оролцож үг хэлсэн юм. Түүний хувьд намрын чуулганы үр дүнг тун ч товчхон дүгнээд, хөдөө орон нутагт томилолттой учраас явахаас өөр аргагүй хэмээн гарч одсон. Гэвч үүнийг нь эрх баригч намынхан зохион байгуулалттайгаар харлуулахаар санаархаж “Ерөнхийлөгч гишүүдийн асуултад хариулах ёстой. “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаас санаатайгаар зугтлаа. Иргэдтэй уулзах нь энэ хүний ажил биш” хэмээн “тэнэглэв”.

Гэвч урьд өмнөх жилүүдэд ч Ерөнхийлөгч чуулганы нээлт хаалтад оролцож үг хэлээд гардаг байлаа. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед ч тийм л жишиг байсан. Гэтэл хамгийн үр дүнгүй, хариуцлагагүй парламент гэж цоллуулахаас айсан уу Ерөнхийлөгчөөр улс төр хийсээр өчигдрийн хурлаа дуусгасан юм. Уг нь МАН-ын нөлөө бүхий улстөрч С.Баярын үед “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг гадны банкны барьцаанд тавьсан. Түүнд нь МАН-ын мөн л нөлөө бүхий хөрөнгө оруулагчид болох Ч.Ганзориг, Д.Сугар, Т.Очирхүү нар гарын үсэг зурсныг ард түмэн мартаагүй. Гэтэл өөрийн гайг өрөөлд чихэж, оноо авах гэсэн улстөржилт хийж, түүндээ Ерөнхийлөгч биднээс зугтлаа хэмээн шоудаад амжлаа. Мөн өчигдрийн чуулганы хаалтын үеэр УИХ-ын дарга М.Энхболд үг хэлсэн юм.

Тэрбээр, “УИХ-ын 2017 оны намрын ээлжит чуулган ажлын 93 өдөр чуулж,  төлөвлөсөн асуудлаа амжилттай шийдвэрлэн, өндөрлөж байна.  Нэгдсэн чуулган 39, Байнгын болон Дэд хороод 132 удаа хуралдаж, бие даасан 18, хуульд өөрчлөлт оруулах тухай 95, нийт 125 хууль, УИХ-ын 54 тогтоол хэлэлцэн баталлаа. Иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд ноцтой аюул учруулж байгаа Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал энэ чуулганы онцгой анхааралд байлаа” хэмээсэн нь иргэдийн дургүйцлийг хүргэжээ.

УИХ-ын чуулганаар энэ асуудлыг анхаарч ажилласан юм бол өнөөдөр ямар нэг байдлаар ахиц гарах учиртай байв. Гэвч утаа гамшиг боллоо онц байдал зарла хэмээн санал тавиад орсон Ерөнхийлөгчийн өөдөөс улстөрчид нь “Утаагаар улс төр хийлээ. Гамшиг боллоо гэж сүржигнэлээ” хэмээн загнаад сууж байсныг ард түмэн мартаагүй байна. Бид тэнэг биш. Тэр тусмаа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн утааг нэг өдөр л алга болгохгүй. Өнгөрсөн 20 жилд бид чадаагүй. Одоо ч чадахгүй гэсэн утгатай үг хэлээд Ерөнхийлөгчийг загнаж байсан бичлэг ч өдгөө соошл орчинд хадгалагджээ.

УИХ-аас утаа үнэхээр гамшиг болсон юм уу гэдгийг судла хэмээн Ё.Баатарбилэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гаргаснаас өөр ямар ч үр дүн гараагүй юм. Тэр ажлын хэсэг нь хэмжих багаж барьж хот тойрч явсаар эцэст нь ганц л удаа хэвлэлийн хурал хийсэн. Тэгэхдээ “Орон сууцжуулах бодлого барих нь зөв юм байна. Энэ талаар зөвлөмж хүргүүлнэ” хэмээн мэдэгдээд л өнгөрч билээ. Харин хаврын чуулган хаалтаа хийж байхад ипотекийн зээлийн асуудлаа ч хэлэлцсэнгүй. Урьдчилгааг бууруулах, хүүг багасгах талаар ч ахиц дэвшил гарсангүй. Өнөөх зөвлөмжийн сураг ч алдрав. Ийм л үр дүнтэй утаанд анхаарчихаад “бидний ажил агаарын бохирдлыг чиглэж байлаа” хэмээн хэнэггүйхэн залж суугаа М.Энхболд та ядарсан ард түмнээ битгий доромжил. Монголчууд тэнэг биш. Тэртэй тэргүй энэ УИХ ямар хэмжээнд хүрч арчаагаа алдсаныг бид хангалттай харлаа.