Тогоон дотроо өтсөн МСНЭ

509

-“Монголын мэдээ” сонины хамт олон МСНЭ-ээс албан ёсоор гарч буйгаа мэдэгдэж байна-

Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эв­лэ­лийн 17 дугаар Их хурал “Нийслэлийн иргэний тан­хим”-д болов. Сэтгүүлч­дийн нэгдсэн эвлэлд 2011 оноос элсч, энэ салбарын нэгэн эд эс болж яваагийн хувьд анх удаа тэр хуралд сууж үзэхээр өглөө хэрэндээ л яарч, басхүү салбарынхаа Их хуралд анх удаа суух гэж байгаа учраас хэлэх үгээ ч дотроо бэлтгэсээр догдлон очсон юм. Бүртгэлээ хийлгээд ороход хурал дөнгөж эхэлж, тэргүү­лэгчдийг сонгох, протокол хөтлөх ажлын хэсэг байгуулах, мөн тооллогын комиссыг сонгож байлаа.

Гэвч хурал эхнээсээ л тун ч нарийн зохион байгуулалттай гэдэг нь мэдрэгдэж эхлэв. Ухаандаа тэнд сонин, сайт, телевиз, сэт­гүүлийн бүх л төлөөлөл бай­гаа. Тэр ч утгаараа хурлын тоол­логын комисст эдгээр хэвлэл мэдээллийн төрлөөс бүгдийг нь оруулах ёстой гэх санал хурлын төлөөлөгчдөөс гарч, холбоод ээлжлэн хүмүү­сээ оруулж эхэлсэн. Өдөр тут­мын сонины холбоо ч өөрийнхөө төлөөллийн хү­нийг нэр дэвшүүлэхээр болж “Өдөр тутмын сонины холбоо”-ны дэд Ерөнхийлөгч С.Гантогоогийн нэрийг өг­сөн ч хурлын тэргүүлэгчид дуул­сан ч дуулаагүй юм шиг суу­саар бүртгэл хаагдлаа гэх шалт­гаанаар зөвхөн Өдөр тут­мын сонины холбоог орхиж, тооллогын комиссоо батлав.

Хамгийн сонирхолтой нь тэнд тэргүүлэгч сайт ч бус өөрийн гэсэн редакци, бүр сэтгүүлч ажиллуулдаг эсэх нь үл мэдэгдэх сайтын хүмүүс орсон байсан юм. Эндээс л өнөөдрийн хурлыг хэн гэгч захиалж, хэрхэн хүмүүсээ хайрцагласан нь харагдаж байлаа. Дөрөвдэгч засаглалын хурал илүү нээлттэй, шударга, ил тод байх болов уу гэсэн хүлээлт минь хурлын үүдээр дөнгөж шагайгаад л унтарч орхисон нь энэ. Бид бусдаас ил тод байхыг шаарддаг. Мэдээлэл авах эрхтэй гэх мэтээр хаалттай хуралдаж буй дарга, цэргийг бишгүй л шүүмжилдэг.

Гэтэл сэтгүүлч нь өөрөө Их хурлаасаа мэдээлэл бэлтгэхийн тулд үүдээр нь шагайх эрхгүй зогсч байсныг энд хэлэхгүй өнгөрч боломгүй. Зураглаач оруулж таван минутын дүрс авна, сэтгүүлч оруулахгүй хэмээн хамгаалагч залуу сүрийг үзүүлж зогсохыг хараад эрхгүй гутарч суулаа. Эвлэлийн хурлыг хэн ч анхнаасаа хаалттай гэж зарлаагүй юм. Тиймдээ ч бид тухай бүрт нь сайтдаа шуурхай мэдээлэл өгөхийг хичээж, сэтгүүлч нөхдийнхөө үгийг мандат авч чадаагүй үлдсэн 2000, 3000 сэтгүүлчдэд хүргэхийг хүсч байв. Олон л хэвлэл мэдээллийн байгууллага тэгж ажилласан. Мэдээллийн шуурхай байдлыг хангах үүднээс тэнд үг хэлсэн бүх л сэтгүүлчдийн үгнээс түүвэрлэж жиргэж, мөн мэдээлэл бэлтгэж байлаа.

Улмаар, МСНЭ-ийг өнгөрсөн дөрвөн жилд удирдсан Б.Галаарид Ерөнхийлөгч илтгэлээ тавилаа. Бүтэн цаг үргэлжилсэн түүний илтгэлээс энэ хүн өнгөрсөн дөрвөн жилд ийм ажил хийжээ гэх итгэл дүүрэн дүгнэлт хийж чадаагүй олон сэтгүүлч тэнд байсан. Сэтгүүлзүйн салбарын тэргүүнээр дөрвөн жил ажиллахдаа улс төрийн намыг түшч, улстөрчидтэй ойр явахгүй бол болохгүй гэдгийг ойлгуулахын тулд л бүтэн цаг илтгэл тавьсныг нуугаад яах вэ. Харин энэ байгууллагыг 43 ам.метр байртай болсон гэдэг л өнгөрсөн дөрвөн жилд хийсэн том ажил нь байсан аж. Түрээсийн орон сууц дамжиж явсан МСНЭ-ийн байгууллагаа орох оронтой болсныг нь шүүмжлэх гэсэнгүй. Гагцхүү тэнд ямар ч зохион байгуулалт байсангүй.

Үгүй ядахдаа л хүн чихээр сонссондоо биш нүдээр харсандаа итгэдэг учраас дөрвөн жил ажилласан Хяналтын зөвлөл нь, эсвэл дөрвөн жилийн ажлын тайланг “Рower point”-оор хийгээд ч болов хурлын төлөөлөгчдөд тараачих боломж байсан юм. Гэвч тэгсэнгүй. Тайлангаа тавьсан дарга нь ээрч муурч, үндсэн асуудлаа ойлгохгүй сэтгүүлчдэд ёсзүйтэй байх талаар лекц уншиж, солилцооны шугамаар ирсэн хэдэн сэтгүүлчдийг хүлээн авснаа ажил хийсэн хэмээн тайлагналаа. Хамгийн сонирхолтой нь, МСНЭ-ийн шинэ дүрмийг хурал болохын өмнөх орой өөрийн сайтдаа байршуулжээ.

Харин өглөө хуралд ирсэн төлөөлөгчдөд тарааж өгсөн нь энэ өдрийн шүүмжлэл хэлэлцүүлэг өрнөх шалтгаан болов. Тиймдээ ч “Монголын мэдээ” сонин, “Засгийн газрын мэдээ”, C1, NTV, МҮОНТ, “Монцамэ” агентлаг, “Үндэсний шуудан” сонин, орон нутгийн төлөөлөл зэрэг хэвлэл мэдээллийн төлөөлөгчид МСНЭ-ийн дүрмийн амин сүнс болсон сэтгүүлзүйн дээд удирдлага нь нам бус байна гэх заалтыг хассан асуудлаар Б.Галаарид даргаас хариулт авахыг хүссэн. Харин тэр өөртөө буруу өгөөгүй юм. Дөрвөн жил ажиллахдаа мөнгөгүй байсан учраас улс төрийн намыг түшихэд буруудахгүй юм билээ гэх утгатай үгийг танхимын индрээс удаа дараа давтан хэлж байсныг төлөөлөгч болж суусан олон зуун сэтгүүлч хоёр чихээрээ сонссон. Эндээс л бүтэн дөрөв, таван цаг маргаан гарах шалтгаан үүсэв.

Үнэт зүйлээ хүртэл ашиг орлого хэмээн тодорхойлсон судалгаагүй, өөр хоорондоо зөрүүтэй, улс төрийн намын нэр дэвшигчид үйлчилсэн, найман дэд Ерөнхийлөгчтэй, тэр тооны даргатай атлаа эгэл жирийн сэтгүүлчээ өмгөөлж, хамгаалах талаар нэг ч үг үсэг тавиагүй дүрмийг мандатгүй үлдсэн жирийн сэтгүүлчдээрээ хэлэлцүүлэх, мөн судалж унших зүй ёсны шаардлага тавьсны төлөө бид тэнд дайсны цэрэг аятай чичлүүлж, эгээтэй л зодуулаагүй гарч ирэв. “Монголын мэдээ” сонин бол бүлэглэлд үйлчилдэг гэх мэтээр гэмгүй олон сэтгүүлчдийг минь хамаатуулан доромжилж, МСНЭ-ийн хурлаа зөвхөн бидэнд зориулан хийв, тэдгээр шар сайтын эзэд.

Угтаа булхай луйврыг нь гаргаж тавьсны төлөө, ажлаа мэдэхгүй, асуудлаа ойлгохгүй ажилласан гэдгийг нь шүүмжилж, нээлттэй Их хурлаасаа мэдээ бэлтгэсний төлөө нэг даргыг дэмжихээр хайрцаглагдаж орж ирсэн хөгжөөн дэмжигч фэнүүдэд нь зодуулах шахлаа. Найман жил сэтгүүлзүйн салбарт ажиллахдаа эхний удаа сууж үзсэн хуралдаа эцсийн удаа суугаад гарлаа. Сэтгүүлзүйн салбарын мундагууд хэмээн хүндэлж явсан олон ах, эгч нарыг үнэт зүйлээ намд худалдахыг харав. Хамгийн их шударга ёс ярьж, бусдаас шударга байхыг шаарддаг хэвлэл мэдээллийн эзэд начир дээрээ хамгийн шударга бусыг хийж, хор найруулж, бусдыгаа ичгүүр сонжуургүйгээр нулимж, бас доромжилж болдгийг харлаа.

Хуралдаа суух гэж явж байхдаа мэдэрсэн тэр догдлол шалаар хөглөрч, үнэт зүйлээ ашиг орлого хэмээн тодорхойлж, улс төрийн намын халаасанд орох шийдвэр гаргачихна гэж зүүдлээгүй юм. МАН-ын Бага хурлын гишүүн, Өмнөговь аймаг дахь МАН-ын хорооны дэд дарга Х.Мандахбаяр гэх улстөрч залууд сэтгүүлзүйн байгууллагаа өгөхийн тулд тэд хэрхэн улайрч буйг харж сууж чадаагүй учраас 100 гаруй сэтгүүлч хурлыг орхин гарсан. Би ч тэдний нэг. Гэтэл намд сэтгүүлзүйн байгууллагаа худалдахаар үлдсэн хэсэг бүлэг нь “цэнхэр”-тээд гараад явчихлаа хэмээн биднийг даапаалсаар үлдэв.

Ухаандаа МАН-д үйлчилж буй гэдгээ тэд ийнхүү үгээрээ бас үйлдлээрээ давхар батлан харуулсан. Х.Мандахбаяр хэдийгээр тэр өдөр намаас гарсан гэх дөрвөлжин цаас бариад орж ирсэн ч, намаас татгалзаж, бүр дэд даргын суудлаараа ТББ-ын тамга тэмдгийг солих эрх ашиг, шунал хүсэл юу байсныг ойлгох ухаан хүрсэнгүй. Тэгэхээр энэ байгууллагад намын дэд даргаас ч илүү шунах зүйл байдаг бололтой. Шударга ёсны тухай хамгийн их ярьдаг атлаа шударга бусыг хийсэн үйлдлээ тэд Х.Мандахбаярын амлалт таалагдсан хэмээн тайлбарлаж байна билээ. Тэр 1000 сэтгүүлчид орон сууц барьж өгөх юм байна. Өмнөх дарга нь мөнгөгүй, бүр 10 сэтгүүлч гаднаас ирэхэд эхнэрийнхээ машиныг барьцаалахаас өөр аргагүй болсон хэмээн ярьж ажлаа өгсөн. Гэтэл мөнгөгүй ТББ-ын Ерөнхийлөгчөөр очиж буй Х.Мандахбаяр хэний мөнгөөр, ямар замаар 1000 сэтгүүлчид байр барьж өгөхийг бурхан л мэдэх байх. Бодвол нам дагавал экс даргын хэлсэн шиг “Барилгачдын холбоо” шиг гоё баян байж болох биз. МСНЭ-ийн даргад өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдээд байсан дөрвөн нэр дэвшигчийн гурав нь энэхүү хууль бус, үнэт зүйлээ ашиг олох хэмээн тодорхойлсон, сэтгүүлзүйн байгууллагаа намын халаасанд өгөх дүрэмтэй санал нийлэхгүй гэдгээ мэдэгдэн гарч одсон юм.

Мэргэжлийн редакци, хамгийн ёсзүйтэй, баримттай мэдээлэл түгээдэг Монголын өдөр тутмын бүх сонин, мэдээ мэдээллийн тэргүүлэгч сайтууд, мөн орон нутгийн зарим сэтгүүлчид, мэдээллийн цензуртэй, ёсзүйтэй телевиз гээд бүгд л “хайрцагласан” Их хурлыг орхиж гарсан. Гэтэл 180 төлөөлөгч үлдсэн гэх шалтгаанаар үйл ажиллагаа нь явдаг эсэхийг ч үл мэдэх олон сайтын эзэд МАН-д МСНЭ-ийг атгуулав. Сэтгүүлзүйн нэр хүнд унасан ч мэргэжлийн байх, намын түрийвчинд орохгүй хэмээн үнэт зүйлдээ үнэнчээр үлдсэн сэтгүүлч нөхөддөө талархая.

Бид бүгд ичгүүрээ алдаагүй юм байна гэх багахан тайтгарал төрж сууна. Асуудлаа тогоон дотроо ярилцах ёстой хэмээн цамнах атлаа начир дээрээ тогоон дотроо өтсөн байдгийг эхний бөгөөд сүүлийн удаа суусан Их хурлын таван цагаас харав. “Мөнгөгүй байна гээд үнэт зүйлээ чөтгөрт худалдаж болдог юм уу” гэсэн сэтгүүлч Х.Эрдэнэбулганы хэлсэнтэй санал нэг байгаа мянга мянган сэтгүүлчидтэйгээ хамт шүү гэдгээ “Монголын мэдээ” сонины нийт хамт олон энэхүү нийтлэлээрээ мэдэгдэе. Эрх баригч намын мөнгөтэй даргын харьяанд очсон МСНЭ-ээс албан ёсоор гарч буйгаа ч үүгээр мэдэгдэж байна.