Шатахууны компаниудыг тайлбар хийхийг шаарджээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр УУХҮЯ-нд боллоо. Тэд ээлжит хурлаараа салбарын талаархи сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг олон нийтэд тайлагнав. Хэвлэлийн бага хуралд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат, АМГТГ-ын орлогч дарга Л.Раднаасүрэн нарын төлөөлөл оролцож мэдээлэл хийлээ. Тухайлбал, АМГТГ-аас 2018 онд 291.8 тэр бум төгрөг төвлөрүүлж, үүнээс газрын тосны экспортын орлогоос 223.4 төгрөгийг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэв. 2018 оны хоёрдугаар сарын 01-ний өдрийн байдлаар 616.8 мянган баррель буюу 83.6 мянган тонн тос олборлож, 558.2 мянган баррель буюу 75.7 мянган тонн газрын тос экспортолжээ.

Энэ сарын 05-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд ердийн хэрэглээний 38 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа аж. Харин бодлого, эрх зүйн хүрээнд “Уул уурхайн салбарын хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах тухай” ажлын хэсгийг байгуулж, эрдэс баялгийн салбарт мөрдөгдөж байгаа холбогдох хуулиудын хийдэл, зөрчил, давхардлыг арилгах зорилгоор Уул уурхайн салбарын багц хуулийн төслийг боловсруулахаар ажиллаж байгаа аж. Мөн АМГТГ-т 306 аж ахуйн нэгж ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө ирүүлснээс 2018 оны хоёрдугаар сарын байдлаар 86 аж ахуйн нэгжийн төлөвлөгөө зөвшөөрөгдсөн байна.

Хэвлэлийн хурлын үед хөндөгдсөн гол асуудлын нэг нь шатахууны үнийн нэмэгдэл, түүнд авч байгаа арга хэмжээний талаархи асуудал байв. АМГТГ-ын орлогч дарга Л.Раднаасүрэн “Огцом үнийн савлагаа үүсэхээс сэргийлж, шатахуун түгээх газрууд үнээ 20-30 төгрөгөөр нэмсэн” гэсэн тайлбарыг өгсөн бол Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат “Ирэх гуравдугаар сараас шатахууны үнэ буурах төлөвтэй байгаа” гэв. Харин шатахуун түгээгүүрийн компаниуд үнээ нэмж байгаа асуудалд Уул уурхайн яам дорвитой арга хэмжээ авахгүй байна гэсэн шүүмжлэлд тус яамны сайд Д.Сумъяабазар арга хэмжээ авах эрх нь манай яаманд байдаггүй гэсэн тайлбарыг өгч, шатахуун борлуулдаг аж ахуйн нэгжүүдийг тайлбар хийхийг үүрэг болгосон гэв.