С.Баясгалан: Манай аймагт 100 ажлын байр шинээр бий болно

58

2018 онд Дархан-Уул аймагт хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын талаар аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баясгалангаас тодруулав.

-Энэ жил Дархан-Уул аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ямар ямар ажлууд хийгдэх вэ?

-Дархан-Уул аймагт 2018 онд Улсын төсвийн 18.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 13 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Эдгээрээс томоохон ажлуудыг дурьдвал, Дархан сумын 11, 12, 13, 14, 15 дугаар багуудыг багийн төвтэй болгоно. Багийн төвийн барилга барих ажлын төсөвт өртөг нь 700 сая төгрөг байх юм. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Дархан сумын тав, наймдугаар багт цэцэрлэгийн барилга төлөвлөсөн. Тухайлбал, нэг тэрбум 500 сая төгрөгийн төсөвт өртгөөр Дархан сумын 23 дугаар цэцэрлэгийн хашаанд 150 ортой цэцэрлэгийн барилгыг барина. Мөн есдүгээр багт 100 хүүхдийн хүчин чадал бүхий цэцэрлэгийн барилгыг худалдаж авахаар 900 сая төгрөг төсөвлөсөн. Царцсан барилга гэгдэх 2200 суудал бүхий спорт цогцолборын ажилд 4.7 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ мөнгөөр спорт цогцолборын бассейн, хоёр том заалыг ашиглалтад оруулна. Манай аймагт жилдээ 2500-2800 эхчүүд амарждаг. Мөн сүүлийн 20-иод жил хүүхдийн тасгийн стандартын байранд төрөх тасаг маань үйл ажиллагаагаа явуулж байгаа учир төрөх эмнэлгийг өргөтгөх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Тиймээс энэ жил гурван тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр 50 ортой төрөх эмнэлэг барихаар төлөвлөсөн. Мөн Хонгор суманд баригдсан Хүнс, хөдөө аж ахуйн салбарын болон малын удмын сангийн цогцолборын үйлдвэрлэлийн байгууламжуудын тоног төхөөрөмжийн зардалд нэг тэрбум 950 сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөөд байна. Үүнээс гадна Шинэ, хуучин Дарханыг холбосон к14-27 дугаар цэг хүртэлх шугамыг 2Ф600 мм-ийн голчтой 2.6 км дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэнэ. Энэ ажлыг хоёр тэрбум өртгөөр хийж гүйцэтгэнэ. 2016-2020 онд хэрэгжүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх асуудлыг тусгасан байдаг. Энэ хүрээнд 4.7 тэрбум төгрөгийн өртөгөөр инженерийн шугам сүлжээг гэр хороолол руу татах ажлыг эхлүүлнэ. Үүнд, 600 сая төгрөгийг төсөвлөж, ажлыг эхлүүлэхээр боллоо. Хараа голын төмөр бетонон гүүрний иж бүрэн засварыг 1.1 тэрбум төгрөгөөр хийхээр болсон нь дарханчууддаа дуулгах бас нэг таатай мэдээ болж байгаа.

-Тэгвэл Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар ямар ажлуудыг хийх вэ?

-Орон нутгийн төсвийн 4.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 10 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Тухайлбал, “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд “Хүүхэд залуучуудын соёл амралтын цогцолбор”-ыг 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинээр барьж байгуулахаар болсон. Мөн Дархан сумын зургадугаар баг дахь Үндсэн тосгоны дахин төлөвлөлтөд зориулж 2.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Дархан хотын анхны барилгуудын нэг болох Үндсэн тосгоны брак байрууд нь 1960-1969 онуудад баригдсан бөгөөд эдгээр байрыг эдэлгээ даах боломжгүй, хүн амьдрах нөхцөлгүй, аюулгүй орчин бүрдээгүй гэдэг дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын газраас гаргасан. Тиймээс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах тухай” асуудлыг хэлэлцэж, Үндсэн тосгон буюу Дархан сумын дөрөвдүгээр багийн 2-5 дугаар брак байрууд, тавдугаар багийн 42, 43, 46-49, 50, 6 дугаар багийн 56-63 дугаар брак байрууд буюу нийт 19 ширхэг брак байруудыг дахин төлөвлөлтөд оруулахаар шийдвэрлэж, тогтоол гаргасан. Эхний ээлжинд 61, 62, 63 дугаар байруудыг дахин төлөвлөлтөд оруулах бөгөөд барилгын ажлыг ирэх дөрөвдүгээр сард эхлүүлж, арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

-Энэ жил жишиг хороолол төсөл аль багт үргэлжлэх вэ?

-Орон нутгийн хөгжлийн сангийн 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 47 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. “Миний гэр, манай байр” төсөл, “Тохилог хороолол” төслүүдийн хүрээнд Дархан сумын 4, 5, 6, 7, 8, 9, 11 дүгээр багт 150 сая төгрөгийн тохижилтын ажлууд хийгдэх юм байна. Мөн Дархан сумын дөрөвдүгээр баг, Дархан өртөөний хойно нийтийн үйлчилгээний зориулалтын газарт худалдааны павильон шинээр барих, гадна инженерийн шугам сүлжээний холболтын хамт хийгдэнэ. 160 сая төгрөгийн төсөвт өртгөөр хийгдэх уг ажлын үр дүнд манай аймагт 100 ажлын байр шинээр бий болно.