Ерөнхий сайдаас ажлын байр хүссэн залуугийн нийгмийн асуудлыг шийджээ

60

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Хэнтий аймагт томилолтоор ажиллах үед иргэдийн уулзалтад оролцсон хөгжлийн бэрхшээлтэй залуу болох тус аймгийн хоёрдугаар багийн иргэн У.Галхүү зовлон бэрхшээлээ ярьсан билээ.

Таван давхраас ажлаа хийж байхдаа унаж нуруундаа гэмтэл авч суумгай болсон ч хөгжлийн бэрхшээлтэй гэж зүгээр суухгүй өнөөдрийг хүртэл тэмцсээр хөл дээрээ босч ирсэн ч ажил олдохгүй, хөгжлийн бэрхшээлтэй гээд ажилд авдаггүй, эхнэр нь хоёр хүүхэдтэй нь орхиод явсан талаар хоолой зангируулан Ерөнхий сайдад асуудлаа учирлаж, ажлын байртай болоход нь дэмжиж өгөхийг хүссэн юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх аймгийн Засаг дарга Н.Ганбямбад У.Галхүүд шаардлагатай бүх зүйлээр тусалж дэмжихийг тэр үед үүрэг болгож байв.

Тэгвэл Н.Ганбямба Засаг дарга болон холбогдох албаны хүмүүс болон У.Галхүүгийнд очиж, тодорхой асуудлыг газар дээр нь шийдвэрлэжээ. Н.Ганбямба дарга холбогдох албаны дарга нарт доорхи үүрэг чиглэл өглөө. Тухайлбал,

-НДХ, ЭМГ хамтран У.Галхүүгийн биеийн байдлыг харгалзан үзэж 80 хувийн групп тогтоох,

-ХХҮГ тус иргэний гэр бүлийг хүнсний талонд хамруулах

-ТЗУХ болон НБХ-ийн дарга нар хамтран У.Галхүүгийн биед тохирсон ажлыг яаралтай судалж танилцуулах гэсэн гурван үүрэг даалгаврыг өгч энэ долоо хоногтоо багтаан эргэж хариу мэдэгдэхийг даалгалаа.

Мөн иргэний шүүхэд хандаж нөхөн төлбөр гаргуулах, үйлдвэрийн осол гэдгийг тогтоолгох тал дээр, хууль эрх зүйн туслалцаа үзүүлэхийг ТЗУХ-ын дарга Ж.Гантулгад хариуцуулсан юм. Мөн Хэнтий цахилгаан түгээх сүлжээ салбарын дарга н.Ганчулуун өнөөдрөөс эхлэн У.Галхүүгийн гэрийн цахилгааны төлбөрийг 60 хувь хөнгөлөх болсноо дуулгасан юм.

Түүнчлэн аймгийн Засаг дарга хэлсэн үгэндээ “ Шүүх засаглалд хөндлөнгөөс оролцох эрх байхгүй ч гэсэн иргэний эрх зөрчигдөж байгааг зүгээр хараад сууж болохгүй. Тиймээс бүх талаар дэмжиж тусална” гэдгээ илэрхийлсэн бол У.Галхүү “Өмнө нь ингэж аймгийн удирдлагууд ирж уулзаж, анхаарал тавьж байгаагүй.

Харин Н.Ганбямба дарга 2015 онд аймгийн дарга болоогүй байхдаа ч гэрт маань ирж, уулзаж ярилцаж байсан. Одоо ийм өргөн бүрэлдэхүүнээрээ хүрэлцэн ирж асуудлыг маань газар дээр нь шийдэж өгсөнд баярлалаа” хэмээжээ. Мөн тэргэнцэртэй иргэдийн холбоог болон хамт унаж гэмтсэн залууг анхааралдаа авч дэмжиж тусалж өгнө үү гэсэн хүсэлт тавьсан аж. Мөн У.Галхүү өөрөө ч бус хөгжлийн бэрхшээлтэй олон иргэдийн дуу хоолой болж явна хэмээн ярьсан аж.