Азийн улс орнууд цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг вэ

72

“Алтан унжлагат” хэмээх гал тахиа жил улирч, “Тийн унжлагат” хэмээх шар нохой жил айлчлан ирж буй энэ цаг мөчид уншигчиддаа зориулан “Цагаан сар”-ын баярыг Азийн орнууд хэрхэн тэмдэглэдэг талаарх сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Чингис хаан 1206 онд Их Монгол Улсыг байгуулсныхаа дараа Цагаан сарыг хаврын эхэн сард буюу мал төллөх үед тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгаж байжээ. Харин үүнээс өмнө энэ баярыг цагаан идээний баяр хэмээн нэрлэж, намрын улиралд тэмдэглэж байсан гэдэг. Улмаар XVII зуунд Монголд бурханы шашин сонгодог хэлбэрээ олж, Өндөр гэгээн Занабазар анхдугаар Богдоор тодрох үеэс төрт ёсны энэхүү баярыг шашин номын ёсны баяртай хавсарган тэмдэглэх болсон байна. Хаврын эхэн сарын шинийн 1-нээс шинийн 15 хүртэлх өдрүүдийг бурхан багшийн эрхэт хувилгаан үзүүлсэн өдрүүд хэмээн нэрийддэг бөгөөд энэ өдрүүдэд ном хурах ёсыг Өндөр гэгээн Занабазар тогтоожээ. Олон зууны турш цагаан сарыг тэмдэглэсээр ирсэн нь хүн төрөлхтний түүхэнд Монгол хэмээх нэрийг бичүүлж байгаа гол хүчин зүйлийн нэг хэмээн үзэх нь ч бий. Энэ баярын гол утга нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэх, тэднийгээ хүндэтгэх зан үйлд оршдог. Тиймээс бие биедээ заавал зочилдог заншилтай. Харин энэхүү баярыг Азийн бусад орнууд ямар ёс заншлаар тэмдэглэдэг вэ гэдгийг тоймлон хүргэе.

Япончууд шинэ оны анхны өдрийн үйл бүхнийг бэлгэддэг

OLYMPUS DIGITAL CAMERA

Япончууд дорнын уламжлалаар Цагаан сар тэмдэглэдэг боловч баярын өдрийг билгийн тооллоор тогтоодоггүйгээрээ Азийн бусад орноос ялгаатай. 1873 оноос хойш Японд сарны тооллоор Цагаан сар тэмдэглэх заншлыг халжээ. Тиймээс өдгөө жил бүрийн нэгдүгээр сарын 1-нд Цагаан сараа хийж, шинэ оноо угтдаг болжээ. Япончууд хүүхдүүддээ дугтуйтай бэлэг өгдөг. Энэ заншлыг “отошидама” гэж нэрлэдэг байна. Мөн Японы цагаан сарын зоогийн хүндэт идээ нь будааны бялуу байдаг гэнэ. Япончууд шинэ он эхлэхэд бүх зүйл шинээр эхэлж байна гэж үздэг ард түмэн. Тийм ч учраас, анхны нар, анхны инээмсэглэл, анхны захидал гээд шинэ оны эхний өдрийн үйл бүхнийг бэлэгддэг аж.

Хятадууд шинийн 2-нд нохой хооллодог

Цагаан сарын баярыг хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг улс бол Хятад. Жилийн дөрвөн улиралд тасралтгүй ажилладаг Хятадын ард түмэн цагаан сараараа амсхийж, ажил хийхээр хол явсан нэг нь гэртээ эргэж ирэн, гэр бүлээрээ цугларан баярладаг байна. Олон зуун жилийн уламжлал ёсоо дагаж, эцэг өвгөдөө дээдлэх, ирээдүйн амьдралынхаа сайн сайхны төлөө залбирах их ёс, бэлгэдлийн баяр юм. Мөн гэрээ улаан өнгийн цаасан хайчилбараар чимэх нь цагаан сарын салшгүй нэг хэсэг аж. Эдгээр хайчилбар дээр хятад ханзаар “аз жаргал”, “баялаг”, “урт удаан амьдрал” зэрэг бэлгэтэй үгсийг бичсэн байдаг байна. Сонирхолтой нь, хятадууд бүх нохой шинийн хоёрны өдөр төрсөн гэж үздэг учир энэ өдөр нохой хооллодог. Түүнчлэн энэ өдөр шинэ бизнес, ажил төрлөө эхэлбэл ашиг орлого их олох сайн гэж үздэг. Хятадууд шинийн тавны өглөө урьдаас бэлтгэсэн баншаа жигнэн иддэг аж. Энэ өдрийг эд баялгийн бурхны төрсөн өдөр гэж үздэг учир банш зооглодог юм байна.

Камбожид хаврын баярыг дөрөвдүгээр сарын 13-нд тэмдэглэдэг

Камбожид хаврын баярыг дөрөвдүгээр сарын 13-нд тэмдэглэдэг байна. Борооны улирал эхлэхийн өмнө цагаан будаагаа хурааж, гурав хоног амарч баярладаг. Тэдний гол зоог тахианы мах, будаа, жимс, амттан юм.

Вьетнамчууд ус худалдан авдаг

Вьетнамын Цагаан сарыг Тет гэдэг гэнэ. Хятад, Вьетнамын Цагаан сар хоорондоо маш төстэй. Шинэ оноо угтаж, гэр орноо цэвэрлээд, аав ээж, ах дүүсийндээ зочлон, хүүхдүүдэд бэлэг тарааж, өвөг дээдсийнхээ дурсгалыг хүндэтгэдэг. Тэдний баярын гол идээ нь гадилын навчаар ороосон дөрвөлжин цагаан будааны бялуу гэнэ. Дөрвөлжин хэлбэр нь жилийн 4 улиралд хүнс өгдөг газар шороондоо талархаж буйн бэлгэ тэмдэг болдог. Цилиндр хэлбэртэй нь тэнгэрийг бэлэгддэг. Ийм бялууг гэр бүлээрээ цуглаж, галын дэргэд суун баярын үүх түүхийг ярилцангаа хэдэн өдрийн турш бэлтгэдэг гэнэ. Мөн вьетнамчууд цагаан сараар ус ихээр худалдан авдаг. Учир нь, мөнгө ус шиг урсан орж ирэхийг бэлгэддэг байна.

Түвдүүд цагаан сараар архи амсдаггүй

Цагаан сарыг манайхтай хамгийн төстэй тэмдэглэдэг улс бол Түвд. Түвдүүд билгийн тооллын шинийн 1-нд Лосар гэдэг баярыг тэмдэглэдэг. Хятадын нэг мужийн хувьд Цагаан сар тус улстай адил 15 хоног үргэлжилнэ. Түвдүүд Цагаан сараар архи дарс уудаггүй, харин манай айрагтай төстэй ундаагаар зочноо дайлдаг байна. Энэ баярын гол идээ нь цагаан будаа, давс, найман төрлийн орцтой хатаасан бяслаг, гурилтай шөл гэнэ. Харин хүндтэй идээ нь гутук гэдэг олон зүйлийн орц найрлагаас бүрдсэн гоймон байдаг аж. Түвдийн Цагаан сарын нэг онцлог уламжлал нь зуурсан гурил дотор халуун ногоо, давс, ноос, будаа, нүүрс зэргийг нууж, хүмүүс түүнийг нь эрж хайж байж олдог байна. Хэрвээ давс, ноос, будаатай гурил олбол ирэх онд аз хийморьтой байна гэж үздэг бол дотор нь нүүрс хийсэн гурил авбал муугийн ёр гэлцдэг. Харин халуун ногоотой гурил байвал ирэх ондоо их ярих нь гэдэг байна.

Тайландууд гурван шинэ жилтэй

Тайландын билгийн тооллын шинэ жил Камбожтай адил дөрөвдүгээр сарын дундуур болдог. Ургацаа хурааж, дууссаны дараа тайчууд баяраа Сонгкран гэж нэрлэдэг. Тайландын хүн амын 15 орчим хувийг Хятад үндэстэн эзэлдэг. Тиймээс тус улс нийтийн, билгийн болон тай тооллоор гээд гурван удаа шинэ жил тэмдэглэдэг. Билгийн тооллын хаврын баяраар бие биедээ арвин ургац хураахыг ерөөгөөд, хятад уламжлалын дагуу идээ шүүс бэлтгэн тэмдэглэдэг байна.

Солонгосчууд сар шинээр будааны бялуу иддэг

Өмнөд Солонгост Цагаан сарыг “Солнал” хэмээн нэрлэдэг. Солонгосын зурхайн тоолол Хятадтай таардаг учир энэ хоёр улс цагаан сараа нэг өдөр тэмдэглэдэг. Солонгосын Цагаан сар гурван хоног үргэлжилдэг. Цагаан сарын өдөр өнгө өнгийн хамбуг өмссөн хүмүүс аав ээж, дотны хүмүүстээ зочлон золгодог. Эцэг эх, эмээ өвөөдөө үр хүүхдүүд нь гүн хүндэтгэл үзүүлж буйн илэрхийлэл болгон мөргөж золгодог. Харин ахмад настнууд нь үүний хариуд хүүхдүүдэд мөнгө бэлэглэдэг аж. Цагаан сарын гол зоог нь Японтой адил будааны бялуу байдаг. Онцлог нь, будааны бялуугаа шөлтэй хамт иддэг байна.