“Монголын мэдээ” сонин ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

456

Эдүгээгээс 20 жилийн өмнө өрхөө татаж, галаа өрдөж байсан Үндэсний өдөр тутмын “Монголын мэдээ” сонины хамт олон өчигдөр тус сонинд ажиллаж байсан ахмад сэтгүүлч, ажилчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. Монгол Улсын 20 жилийг түүхийг бичилцсэн, өдөр тутмын тэргүүлэгч сонины нэгд зүй ёсоор тооцогддог тус сонинд олон арван шилдэг, нэртэй сэтгүүлч, зурагчид, ажилтнууд ажиллаж байсан түүхтэй. Тэгвэл, хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаанд “Монголын мэдээ” сонины анхны Ерөнхий эрхлэгч До.Чулуунбаатар, хоёр дахь эрхлэгч Д.Сандагсүрэн, нийтлэлч Д.Баасанжаргал, Гадаад мэдээний албаны нэрт сэтгүүлч Ц.Цэрэн, Рекламны албаны дарга СГЗ С.Зэвсэг, О.Лхагвамаа, Эдийн засаг, бизнес мэдээллийн албаны дарга Б.Цогзаяабаатар, сэтгүүлч Ц.Энхтүвшин, Л.Гомбожав гэрэл зурагчин С.Батсүх, оператор Д.Цагаанхүү, жолооч Д.Сандагдорж, нягтлан бодогч Н.Намжилмаа болон үйлчлэгч Ш.Цэцэгмаа нарын ахмад ажилчид хүрэлцэн ирж, сонинд ажиллаж байх үеийн дурсамжаасаа залуу сэтгүүлчидтэй хуваалцаж, нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлэв.

Ахмадууд маань бидэнд “Бид олон зүйлээр анхдагч байсан юм шүү. Цаашдаа ч та нар минь тийм байх учиртай. Монголын сэтгүүлзүйн салбарт нийтлэлийн бодлогоор, дуулиан тарьсан сурвалжлага, ярилцлагаараа хүртэл ялгарч яваарай” хэмээн захиж байсан юм. Гэрэл зурагчин С.Батсүх ахын тухайд монгол хүн сансарт ниссэн гайхалтай түүхэн үйл явдлын гэрч болж явснаа ярьж, жолооч Д.Сандагдорж гуай сонин хүргэж явсан, оройтлоо хэмээн загнуулахад цээжээрээ хамгаалсаар гарч ирж байсан түүхээ, нягтлан бодогч Н.Намжилмаа эгч сонины санхүүг хэрхэн алдагдалгүй барих гэж хичээж явснаа, сэтгүүлч Б.Цогзаяабаатар бөхийн гал тойрч сурвалжлага бичиж байсан тухайгаа гээд тэд өнгөрсөн 20 жилийн түүхийг бидэнд хуучлав. Монголын сэтгүүлзүйн салбарт тод өнгө, өөрийн гэсэн дэг сургуулийг үлдээж чадсан нэрт сэтгүүлч, зурагчин, төдийгөөс өдийг хүртэл нэгэн сэтгэлээр ажиллаж явсан ахмад үеийнхэндээ сар шинийн мэнд дэвшүүлье. Та бүхэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байж, сар шинэдээ сайхан шинэлээрэй. Тун удахгүй бүгдээрээ баярын тусгай дугаар, 20 жилийн ойгоороо эргэн уулзацгаах болно.