САР ШИНИЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ

Эрхэм хүндэт Борнуурчууд аа!

Та бүхэндээ Борнуур сумын Нутгийн зөвлөлийн нэрийн өмнөөс сар шинийн мэнд дэвшүүлж, сайн сайхны ерөөл өргөе.

Дэлхий дэлэгнэж, дэнж хотойлгон наадах урин цагийн эхлэл, эртний уламжлалт билэг ерөөл дүүрэн Монгол баяр-Сар шинийн баяртайгаа та бид учран золгож байна. Улиран одож буй Алтан унжлагат хэмээх гал тахиа жилдээ Борнуур нутгийнхан маань буянт мал сүргээ өсгөж, будаа тариа, хүнсний ногооны арвин ургац хураасан өрнүүн их ажлын жил байлаа. Энэ жил Борнуур сумаас Улсын аварга тариаланч, фермер, аймгийн аваргууд олноор төрөн гарсан их амжилтын жил байлаа.

Тэртээ 80 жилийн өмнө эх орны өнцөг булан бүрээс илгээлтийн эзэн залуучууд хуран цугларч их бүтээн байгуулалт, их хөгжлийн замналаар замнан Борнуур нутгийн минь шавыг тавьж, эдүгээ төр улсдаа данстай түшигтэй, түмэн олондоо нэртэй хүндтэй, өгөөжтэй өлзийтэй нутгийнхаа эд эс болон оршин тогтносоор байна.

Энэ онд та бид хамтран төрөлх сумынхаа 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлнэ. Өсч төрсөн нутгийнхаа ирээдүйн хөгжил цэцэглэлтийн төлөө, ард иргэдийнхээ аж амьдралыг дээшлүүлэн тэтгэхийн төлөө Борнуур сумын уугуул, суугуул, харьяат иргэн хэн боловч гар бие, сэтгэл зүтгэл гарган оролцоно гэдэгт итгэлтэй байна.

Буян номын гэгээ тооноор чинь цацарч
Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж
Буурал хөгшид, халуун ам бүлээрээ цуглан
Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй.

“ТӨВ АЙМГИЙН БОРНУУР СУМ ДАХЬ НУТГИЙН ЗӨВЛӨЛ” НҮТББ

Удирдах зөвлөлийн дарга: Бизъяагийн ОЮУНГЭРЭЛ
Нарийн бичгийн дарга: Михлайн Даваадулам
Гүйцэтгэх захирал: Санзайдоржийн БАТТӨР
Гишүүд: Цэрэндагвын ГҮЕНБААТАР, Раашийн АЗЗАЯА, Бэлхүүгийн НАРАНЦОГТ, Дайдангийн ОЧИРХҮҮ, Самбалхүндэвийн ШИЖИРБОЛД, Гомбосүрэнгийн СҮХБАТ, Лосолын ГАНБАТ