ОУОХ-ны Ерөнхийлөгч Нобелийн шагнал хүртэж магадгүй

13

Олон улсын олимпын хорооноос өчигдөр Пёнчаны олимпт нэгдэж оролцсон Умард, Өмнөд солонгосын хамтарсан хоккейн эмэгтэй багийг Нобелийн энхтайвны шагналд нэр дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгджээ. Гэхдээ тус шагналд Ерөнхийлөгч Томас Бахыг дэвшүүлж магадгүй гэх мэдээлэл барууны сайтуудад гарч эхэлсэн байна.

Угтаа ОУОХ-ны гишүүн Ангела Ругьеро өмнө нь хоёр Солонгосын багийг энхтайвны шагналд нэр дэвшүүлэхийг уриалж байсан. Харин дараа нь холбооны хэвлэлийн төлөөлөгч нь “Тодорхой шийдвэрт хүрээгүй” хэмээн үгүйсгэсэн мэдэгдэл хийж байсан юм.

Гэтэл тус баг биш, олимпын хорооны Ерөнхийлөгч өөрөө Нобелийн шагналд нэр дэвшиж магадгүй байгаа гэнэ. Тодруулбал, Томас Бах Пёнчаны олимп дууссаны дараа Умард Солонгост айлчлахаар төлөвлөжээ.  Түүнчлэн, олимпын нээлтийн үеэр Умард болон Өмнөдийн өндөр дээд албан тушаалтнуудын дунд сууж, яриа өрнүүлснээс гадна олимпын түүхэнд анх удаагаа хоёр Солонгосын хамтарсан багийг оролцуулах шийдвэр гаргасан гэдэг үзүүлэлтээрээ уг шагналд дэвших үндэслэлтэй болж байгаа аж.

Олимпоос өмнө хоёр Солонгос энэ талаар тохиролцсон ч, дээрх хэд хэдэн шалтгаанаар Томас Бах Нобелийн энхтайвны шагналд нэрээ дэвшүүлж магадгүй байгаа юм байна.